Хар нүүрсэн эмийг хордлогын үед яаралтай уухаас өөр заалт байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1055

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нүүрсэн эмийг хэрэглэснээр арьс толийх, таргалалтаас сэргийлэх, шарталтаас сэргийлэх, батганаас салах болон шүд цайруулах зэрэг ач холбогдолтой хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Идэвхжүүлсэн нүүрсний ач холбогдол гэж дурдсан ихэнх мэдээлэл нь шинжлэх ухаанд хангалттай судлагдаагүй агуулга байна. Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагын Хэрэгцээт эмийн жагсаалтад “Нүүрсэн эмийг” хордлогоос хойш яаралтай уух заалтаар бүртгэсэн. Үүнээс бусад эмчилгээ, үйлчилгээний заалт байхгүй.

2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Аминаагийн аав гэх хуудаст “Наашаа аан гээд уун гэж бай хэрэгтэй зөвлөгөө өгье, хар нүүрсэн эм хэрэглэх заавар ач холбогдол” гэсэн гарчигтай пост түгээжээ. Тус пост нь 284 реакц, 7 сэтгэгдэл авч, 11 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Ерөнхий мэдээлэл:

  • Хар нүүрсэн эм буюу идэвхжүүлсэн нүүрсийг (activated charcoal буюу оросоор уголь активированный) хордлогын үед амаар уудаг эм бөгөөд Дэлхий Эрүүл Мэндийн байгууллагын Хэрэгцээт эмийн жагсаалтад (WHO model list of essential medicines) багтсан байдаг.
  • Уг эмийг хүний биед хорт бодис шингэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэдэг ба тус эм бодисыг өөртөө шингээн шулуун гэдсээр биеэс гадагшлуулдаг. Тийм учраас идэвхжүүлсэн нүүрсийг хордлогоос хойш яаралтай уухыг зөвлөдөг.
  • Гэхдээ бүх төрлийн хордлогод ашиглахад үр дүнтэй биш. Голчлон эмийн хордлого, хортой ургамал, химийн бодисын хордлогод ашигладаг байна.

Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгуудыг тус бүрд нь нягталлаа.

  • “Өглөө өлөн дээрээ 5 ширхэгээр тооцоод улиралд 8-14 хоног ууж бай ходоод гэдэсний хордлого бохирдол хорт бодисыг өөртөө шингээгээд биед үлдэхгүй авч гардаг учир тогтмол улирал бүр ууж хэвшвэл эрүүл байхаас гадна арьс цайрч толийгоод таргалалтаас урьдчилан сэргийлж болдог.”

Идэвхжүүлсэн нүүрсийг тодорхой төрлийн хордлогын үед хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хордлогод ашиглахад үр дүнтэй биш гэдгийг дээр дурдсан.
Мөн идэвхжүүлсэн нүүрсийг хэрэглэснээр арьс толийлгож, таргалалтаас сэргийлдэг талаар өргөн хэмжээнд хийсэн судалгаа одоогоор байхгүй байна.

  • 2021 онд Дви Атманто (Dwi Atmanto) нарын “American Institue of Physics”-н Шинжлэх ухааны ба Математикын Олон улсын хоёрдугаар хурлын үеэр танилцуулсан өгүүлэлд 25 хувийн идэвхжүүлсэн нүүрсийн найрлагатай цайруулах тос хуурай арьсанд цайруулах үйлчилгээтэй байсан талаар бичжээ.
  • Харин 2019 онд Нелсон Санчез (Nelson Sanchez) нарын “Clinics in Dermatology” сэтгүүлд хэвлүүлсэн “Нүүрс: Шинэ нүүр царайтай эртний түүхий эд” (Charcoal: An Ancient Material with a New Face) өгүүлэлд идэвхжүүлсэн нүүрсийг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад оруулан ашиг тусыг нь сурталчилж байгаа ч үр дүнг батлахуйц “хангалттай баримт цуглараагүй” гэжээ.
  • Мөн 2021 онд Мухсана Сажжад (Muhsana Sajjad) нарын “International Journal of Community Medicine and Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Идэвхжүүлсэн нүүрсийг косметик хэрэглээнд ашиглах нь” (Cosmetic uses of activated charcoal) өгүүлэлд идэвхжүүлсэн нүүрсийг арьс цайруулах, цэвэрлэх зэрэгт ашиглах тухай маш бага клиник дата цугларсаныг онцолсон байна.
  • “Архи, дарс уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.” гэжээ.

Идэвхжүүлсэн нүүрс нь шарталтаас сэргийлдэггүй бөгөөд алкогол нь хүний биенд хурдан шимэгддэг учир идэвхжүүлсэн нүүрс нь алкоголд наалдаж чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл, идэвхжүүлсэн нүүрс нь шингэн төлөвтэй бодисуудыг өөртөө сорохоос илүү харьцангуй хатуу чанартай бодисуудыг сорох чадвартай байдаг талаар АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн (National Institute of Health) идэвхжүүлсэн нүүрсний мэдээлэлд дурдсан байна.

  • 1981 онд нохойд хийсэн туршилтад идэвхжүүлсэн нүүрс хэрэглэхэд цусан дахь алкоголын хэмжээ буурч байсан бол 1986 онд Хүлтен (B. A. Hultén) нарын судлаачдын “Human & Experimental Toxicology” сэтгүүлд хэвлүүлсэн “Алкогол идэвхжүүлсэн нүүрсэнд шингэдэг үү?” (Does alcohol absorb to activated charcoal?) гарчигтай хэвлүүлсэн судалгаанд хүний биед туршилт хийсэн ба идэвхжүүлсэн нүүрс уусан хүний цусан дахь алкоголын хэмжээ тус эмийг уугаагүй хүнийхтэй ижил байсан байна.
  • Мөн 2019 онд Тобиас Зеллнер (Tobias Zellner) нарын “Deutsches Ärzteblatt International” сэтгүүлд хэвлүүлсэн “Идэвхжүүлсэн нүүрсийг хордлогод ашиглах нь” (The Use of Activated Charcoal to Treat Intoxications) өгүүлэлд алкоголын төрлийн бодисууд идэвхжүүлсэн нүүрсэнд бага буюу огт шингэдэггүй болохыг онцолсон байна.
  • “Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь хамгийн том асуудлуудын нэг билээ нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.” гэжээ.

Хар маск хэдийгээр батга арилгадаг гэж үздэг ч өнөөгийн байдлаар арьс арчилгаанд нүүрс эм ашиг тустай эсэхийг судалсан шинжлэх ухааны судалгаа хомс байгаа аж. Иймээс өөр өөр арьсанд, ямар ямар сул, давуу талуудтайг хэлэхэд хүндрэлтэй юм.

  • “Шүд цайруулна. Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.” гэжээ.

АНУ-ын Lilburn шүдний эмнэлгээс гаргасан нийтлэлд нүүрсэн эмийг шүдний оотой хольж хэрэглэх нь сул болон давуу талуудыг харуулжээ. Давуу тал нь шүдний паалангийн өнгөц толбо арилгадаг нь үнэн аж. Үүнийг ашиглах нь бусад шүд цайруулах арга, эмчилгээнээс хямд тусна. Харин сул тал нь гэвэл зар сурталчилгаанд л байдаг гэхээс нүүрсэн эм нь шүдийг цайруулах боломжгүй юм. Давуу тал дээр хэлсэнчлэн шүдний паалангийн өнгөц толбыг арилгах хэдий ч шүд шарлахыг зогсоож, цайруулж, бусад хүнд хэлбэрийн толбо арилгаж чадахгүй. Тогтмол хэрэглэвэл бүр цаашлаад шүдний пааланг гэмтээх аюултай. Учир нь нүүрсэн эмд хүнд хэлбэрийн зүлгүүр агуулагддаг билээ. Шүдний паалан гэмтсэнээр шүд хэт мэдрэмтгий болох, шүд цоорох болон буйл өрөвсөх эрсдэлтэй.

Цахим орчинд эрүүл мэндийн мэдээ мэдээлэл нийтэлдгээрээ танигдсан WebMD вэбсайт дээр мөн ижил агуулгатай нийтлэл гаргасныг эндээс харж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document