2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Маш хэрэгтэй санаа” гэх Фейсбүүк пэйж “Хавдрын эс нь глюкоз буюу сахараар хооллодог. Хорт хавдрын хамгийн гол сул тал нь бага хооллолт юм. Иймээс хорт хавдрын эсийн гол хоол тэжээл болох сахарын хэрэглээг ихээр хязгаарлах шаардлагатай” гэх агуулгатай пост оруулсан нь 753 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Элсэн чихэр нь биеийн бүхий л эсийг тэжээдэг, тэр дунд нь хадврын эс хүртэл багтана. Судалгаануудаас авч үзвэл элсэн чихэр нь шууд хавдар үүсгэдэггүй. Харин элсэн чихэр нь жин нэмэгдүүлэх эрсдэл болдог бөгөөд үүнээс улбаалаад хэт таргалж, жингийн илүүдэлтэй удаан явах нь хавдрын эрсдэл болдог.
MD Anderson хавдар судлал төвийн хавдар болон архаг өвчнөөр мэргэшсэн судлаач Эрма Леви “Таны биеийн чухал эрхтнүүд тогтвортой ажиллагаатай байхын тулд эсүүд элсэн чихэр авч хэрэглэдэг. Тэгэхдээ элсэн чихрийн хэт хэрэглээ нь жингийн илүүдэл үүсгэснээр хавдрын эрсдлийг бий болгодог” хэмээжээ.
Тэгвэл хэр хэмжээний элсэн чихэр хэрэглэвэл аюулгүй вэ?
Америкийн Зүрхний Холбооноос өдөрт эмэгтэй хүн 6 цайны халбага (25 грамм), эрэгтэй хүн 9 цайны халбага (36 грамм)-аас хэтрэхгүй хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөжээ.
- Хоол хүнсэнд нуугдмал байдаг сахараас сэргийлээрэй
Лаазалсан ногоо, салат амтлагч, зайрмаг, жигнэмэг, бялуу зэрэгт ихэвчлэн нэмэлт элсэн чихэр агуулагдсан байдаг. Тиймээс хоол хүнс худалдан авахдаа найрлагыг нь харж байх хэрэгтэй. Мөн найрлагад “элсэн чихэр” буюу “sugar” гэсэн нэрээр бус өөр нэрийн дор байх тохиолдол байдаг. Жишээ нь:
- Fructose (жимсний элсэн чихэр)
- Lactose (сүүний элсэн чихэр)
- Sucrose
- Maltose (үр тарианаас гаргаж авсан)
- Glucose (энгийн элсэн чихэр)
- Dextrose (glucose-ийн нэг төрөл)
“Цагаан будаа гурил зэрэг амархан сахар(глюкоз) болох хүнсийг ихээр хэрэглэсээр байвал хавдрын эсийн өсөлт тархалт түргэсдэг. Ийм учраас хорт хавдар туссан хүмүүс илчлэг багатай хүнсээр өдөрт 2 удаа ходоодныхоо 60% хүртэл хооллох хэрэгтэй.” хэмээн шалгасан мэдээлэлд дурдагдсан.
Тэгвэл АНУ-ын эрүүл мэндийн байгууллага болох Mayo Clinic-ээс гаргасан нийтлэлд үүнийг. няцааж, “Хорт хавдар болон хорт хавдрын эмчилгээ нь хоолны дуршил бууруулдаг. Иймд хорт хавдар туссан хүмүүс аль болох калори, шим тэжээл болон шингэнээ сайтар авч байх шаардлагатай” гэж зөвлөжээ. Мөн “Хорт хавдартай үедээ, эдгэрсэний дараах үед эрүүл байх үеийнхээсээ илүү калори болон шим тэжээл авах хэрэгтэй” гэжээ.
“Акита их сургуулийн Коизүми профессорын хулгана дээр хийсэн туршилтаар хулгануудыг ходоодных нь 80% болон 50% хүртэл хооллоход 21 дэх сар дээрээ 80% хүртэл хооллодог байсан 26 хулгануудын 7 нь хорт хавдараар өвчилсөн байхад 50% хүртэл хооллодог байсан 28 хулгануудын ганц нь ч хорт хавдар тусаагүй байна.” хэмээн шалгасан мэдээлэлд дурдагдсан.
Бид Акита их сургуулийн албан ёсны вэбсайтаас “Koizumi” хэмээн хайхад 2 дэд профессорын илэрц гарч ирсэн бөгөөд тэдгээрийн хийсэн ажлууд дунд дээрх дурдагдсан судалгаа байхгүй байна.

Дүгнээд хэлбэл, элсэн чихрийн хэт хэрэглээ нь шууд хорт хавдрыг үүсгэдэггүй. Харин лсэн чихэр их хэрэглэдгээс үүсэж болох хэт таргалалт, жингийн илүүдэл нь хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Мөн хорт хавдартай болон эдгэж байх хугацаандаа аль болох калори, шим тэжээл ихтэй хүнс хэрэглэж байхыг мэргэжлийн байгууллага зөвлөжээ.