2024 оны 07-р сарын 05-нд “Эрүүл мэндийн наалт 94518545 88894341” нэртэй хуудаснаас “Ясны ургалтыг зогсооно.Үений шингэн нөхнө, үенд тэжээл өгнө, үений үрэвсэл дарна, үений зөөлөн эдийг нөхөн төлжүүлнэ…” гэх тайлбартайгаар 0:51 секундийн бичлэгийг оруулж Gin Plus гэх бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Постын тайлбар хэсэгт “…Эрдсийн шингэлтийг сайжруулж, яс болон үе мөчний шингэнийг нөхнө. Эд эсийг нүүлгэн шилжүүлэхдээ маш сайн тул арьс болон биен дэх эсийн гүн рүү нэвчин орж нөхөн төлжүүлдэг. Өвдөлт болон үрэвслийг намдаана. Ясны ургалт зогсооно. Судасны бүдүүрэлд хэрэглэнэ…” гэх мэт эмчилгээний чадвартай гэжээ.
Харин ашигласан бичлэгт нь “Өвчин намдаана. Хүн орхоодой, цагаан гаа гэх мэт олон орцтой. Үе мөчний өвчнийг намдаах наалт” гэх агуулгыг дурдаж сурталчилжээ. Тус бичлэгт дурдсан сурталчилгаа тайлбар хэсэгт бичсэн давуу талуудыг огт дурдаагүй, зөвхөн өвчин намдаах зориулалттайг ярьсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд сурталчилж буй бүтээгдэхүүн нь Doctorem International компанийн Gin Plus нэртэй үе мөчний өвдөлтөд зориулсан наалт юм. Doctorem International компанийн албан ёсны сайтад оруулсан бүтээгдэхүүний тухай мэдээлэлд тус бүтээгдэхүүн нь ямар нэг өвчнийг эмчлэх эм биш гэдгийг анхааруулжээ. Тухайлбал, тус бүтээгдэхүүний тайлбар хэсэгт :
- “Уг бүтээгдэхүүн нь эм биш. Эдгээр наалтууд нь арьсан дээр наах замаар гадна хэрэглээнд зориулагдсан. Ямар нэг өвчнийг эмчлэхгүй. Архаг өвчтэй хүмүүс эмчтэй зөвлөлдсөний дараа хэрэглэх нь зүйтэй. Хэрэв бүтээгдэхүүнээс үүдэн таны арьс загатнах, цэврүүтэх, улайх, цочрох, тууралт гарах зэрэг харшил өгсөн тохиолдолд хэрэглэхээ зогсоож, эмчид хандаарай. Мөн үүнтэй төстэй наалтад харшлын урвал өгдөг бол хэрэглэхгүй байхыг зөвлөе…” хэмээн бичжээ.
Мөн өвчин намдаах наалт үений шингэн нөхөж, яс ургалтыг зогсоож эмчилнэ гэсэн судалгаа байхгүй. Бид үе мөчний мэргэжлийн эмчээс наалт ашиглаж үений шингэн нөхөж, яс ургалтын зогсоох боломжтойг асуухад “тийм төрлийн эмчилгээ байхгүй” хэмээн хариулсан.
Монгол Улсад сурталчилж бүтээгдэхүүний албан ёсны сайтад өвчин намдаах үйлчилгээтэй, бусад өвчнийг эмчлэх эм биш гэдгийг анхааруулсан ч ясны ургалтыг зогсоож, үений шингэн нөхнө хэмээн сурталчилж байна.
Үений шингэнийг гэрийн нөхцөлд амин дэмтэй хоол хүнс идэх, нэмэлт тэжээл хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр сайжруулах боломжтой. Мөн эмчийн заавраар тохирох эм бэлдмэл хэрэглэх, аль эсвэл тарилга хийлгэдэг. Ясны ургалттай холбоотой хийсэн баримт шалгалтад дурдсанчлан амьдралын хэв маягаа өөрчлөх нь ясны ургалтын шинж тэмдгийг арилгахад тусалдаг ч өвдөлт намдахгүй тохиолдолд физик эмчилгээнд явах, эмчийн жороор эм ууж, тариа хийлгэх, аль эсвэл хагалгаанд орох шаардлагатай болдог. Ясны ургалтыг хагалгаанд орохоос өөрөөр бүрэн арилгах боломжгүй юм.
Түүнчлэн Жон Хопкинс анагаах ухааны их сургуулийн төв, Кливланд клиник, Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба, Пенсильванийн их сургуулийн сайтад үений үрэвслийг бүрэн эмчилж эдгээх аргагүй ч өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой, үений үрэвслийн шалтгаан, шинж тэмдэг, нөхцөл байдлаас хамааран өөр эмчилгээ хийнэ гэх агуулгыг дурджээ.




