8 дугаар сарын сүүлээр хур тунадас ахиу орох ч “олон давтамжтай гамшигт үзэгдэл болно” гэх мэдээлэл байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1052

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“7 сарын 16 -ны өдрөөс 8 дугаар сарын сүүл хүртэл цаг агаарын гамшигт үзэгдлүүд, цахилгаан цахих, хүчтэй салхи, усархаг аадар бороо орох, өдрийн цагаар харанхуйлах зэрэг үзэгдлүүдийн тоо давтамж нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас болгоомж, анхаарамжтай байна уу” гэх пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

2024 оны долоодугаар сарын 16-ны өдөр Magnolia Mogol гэх хаягаас “БОЛГООМЖ ХЭЗЭЭД ИЛҮҮДЭХГҮЙ! 7 сарын 16 -ны өдрөөс 8 дугаар сарын сүүл хүртэл цаг агаарын гамшигт үзэгдлүүд, цахилгаан цахих, хүчтэй салхи, усархаг аадар бороо орох, өдрийн цагаар харанхуйлах зэрэг үзэгдлүүдийн тоо давтамж нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас болгоомж, анхаарамжтай байна уу. Гамшигт үзэгдлийн үед аль болох гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт гэр орондоо байж, гадаа явж байгаа бол эсвэл аялж яваа бол даруй битүү оромж байр олж намдтал хүлээгээрэй. Мал амьтнаа хамгаалж, харж хандахаа бүү мартаарай. Маш олон цаг агаарын мэдээллийн эх сурвалжаас ийм хандлага ажиглагдаж байна! Анхаарамжтай байхад илүүдэхгүй” гэх постыг нийтэлсэн байна. Уг пост 275 реакц, 32 сэтгэгдэл авч 2600 гаруй удаа цааш түгээгджээ. Уг мэдээлэл нь сэрэмжлүүлэх зорилготой ч хэтрүүлэн дэгсдүүлж, олон нийтийг айдаст автуулах, сэтгэл хөдлөлд нь тулгуурласан хандалт авах нөхцөл үүсгэсэн байна. Иймд бодит мэдээллийг хүргэх шаардлагатай байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээний тоног төхөөрөмж, боловсон хүчний ур чадвар зэрэг нь чадавхажсан, урьдчилсан төлөв мэдээлэл нь зөрдөггүй, орчин үеийн шинжлэх ухааны ололтоор найдвартай мэдээлдэг болсон. Тиймээс тус газрын урьдчилсан мэдээлэлд тулгуурлан шалгалаа.

Мөн пост оруулсан хэрэглэгч мэдээллийн эх сурвалжаа коммент хэсэгт оруулсан байна. Харамсалтай нь тэдгээр эх сурвалжид нь Монголын цаг агаарын төлөвийн тухай бус гаднын улсуудын уур амьсгалын өөрчлөлтийн тухай бичжээ.

Бид дараах байдлаар шалгалт хийлээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2024 оны найман сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг харуулжээ.

Уг шинжилгээнд “Энэ сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үеэс хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар харьцангуй дулаан буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байгаа бөгөөд хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ус ихтэй аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, аялал зугаалгаар явж байгаа иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байнагэжээ.  

Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1980–1984, 1987, 1988, 1990–1995, 1998, 2000, 2007, 2012, 2013, 2017, 2018, 2020, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон бол 2001, 2002, 2004, 2006, 2008, 2011, 2014, 2016, 2019 онууд харьцангуй бага хур тунадастай байсан байна

Мөн цаг агаарын төлвийг бүс нутгаар харуулжээ. Үүнд, 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нийт нутгаар (олон жилийн дундаж )ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.  

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна.  

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна. 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.  

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна. 

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна. 

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. 

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна. 

  • Нэгдүгээр арав хоногийн дунд үед зарим газраар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна. 

Дээрх мэдээлэл нь “7 сарын 16 -ны өдрөөс 8 дугаар сарын сүүл хүртэл тасралтгүй ширүүн бороо орж, бүх нутгаар байгалийн гамшигт үзэгдэл тохиох” мэтээр хэтрүүлэн мэдээлсэн нь төөрөгдөлд хүргэсэн байна.

Иймд аливаа мэдээллийг албан ёсны, найдвартай хаягаар хүлээн авч байгаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document