2024 оны долоодугаар сарын 3-ны өдөр “Дэлхийн монгол сайт” гэх хаягаас “Юу уугаад байсан хэрэг вэ” гэх тайлбартай “Компотой” гэх жимсний ундааны савлагааны гадуурх шошгыг хуулахад “Шэнди” гэх коктейлийн лааз ил гарч ирж буй” бичлэгийг нийтэлжээ. Уг пост нь 2700 гаруй реакц, 119 сэтгэгдэл авч 2300 удаа цааш түгээгджээ.
Бичлэгийн тайлбарт Монголд болсон гэх үг байхгүй ч хүлээн авч буй хэрэглэгчдийн хариу үйлдэл нь эргэлзсэн, хүнсний аюулгүй байдал эрсдэлд орсон мэт ойлголт өгч буй тул мэдээллийг шалгаж, бодит байдлыг хүргэлээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ
Бичлэгийн эхэнд харагдаж буй “Компотой” ундааг Google Хайлтын цэсээс түлхүүр үгээр хайлаа. Хайлтын үр дүнд тухайн бичлэг нь 2023 оны аравдугаар сард Казакстанд тохиолдсон явдал болох нь тодорхой болов.
Уг бичлэгт гарч буй ундааны дүрсийг Google Lens хэрэглүүрээр хайхад ундааны үйлдвэрлэгч компани болох “Жигалма” ХКК албан ёсны мэдэгдэл хийсэн нь илэрцээр гарч ирлээ.

Тус компани нь Астана хотод байрладаг бөгөөд бичлэгийн талаар 2023 оны аравдугаар сарын 30-нд тайлбар хийжээ.
Тайлбартаа “Тайванийн үйлдвэрлэлийн машинд агуулах хийх зорилгоор “Компотай”, “Ай цай” ундааны лаазыг туршилтад ашиглахаар болжээ. Мөн 0,45 литрийн багтаамжтай “Шенди” коктэйлийн лаазыг ч хэрэглэсэн байна. Гэвч мэргэжилтнүүдийн алдаанаас болж туршилтын бүтээгдэхүүнийг худалдааны газрууд руу явуулсан. Одоогоор тус компани туршилтын бүх бүтээгдэхүүнээ дэлгүүрээс татан авч байна. “Жигалма” үйлдвэр нь согтууруулах ундаа үйлдвэрлэдэггүй. Эцэст нь хэлэхэд, “Шэнди”-ийн лонхонд агуулагдах “Компотай” ундаа нь согтууруулах ундаагүй бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэлийн явцад гаргасан алдаа болохыг та бүхэнд мэдэгдье!” гэжээ.
Уг ундаанд согтууруулах ундаа байгаа эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулсан. Физик-химийн болон органолептик үзүүлэлтүүдийн харьцуулсан дүнгээр “Шенди” савлагаатай “Компотай” ундааны спиртийн агууламж 0.00% байна. Өөрөөр хэлбэл, уг ундаанд согтууруулах ундаа огт агуулаагүй болох нь тогтоогджээ.