Парист 2023 онд болсон үйл явдлын бичлэгийг энэ жилийн Олимпын үеэр болсон мэт төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1049

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Террористууд Парисаас гарах 4 том чиглэлийн төмөр замын цахилгаан холболтын бүх кабелийг шатааж, дэлбэлж, тасаллаа” хэмээн бичлэгийн хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2023 онд болсон үйл явдлын бичлэгийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр болсон Парис хотын хурдны гал тэрэгний буудлуудын кабелийг гэмтээсэн хэрэгт хамаатуулж төөрөгдүүлжээ.

2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “emedia.mn онол” нэртэй Фейсбүүк пэйж “Террористууд Парисаас гарах 4 том чиглэлийн төмөр замын цахилгаан холболтын бүх кабелийг шатааж, дэлбэлж, тасаллаа.” гэх гарчигтай, “Террористууд Парисаас гарах 4 том чиглэлийн төмөр замын цахилгаан холболтын бүх кабелийг шатааж, дэлбэлж, тасалснаас Парис руу орох, гарах бүх галт тэрэг зогсжээ. Нийт 800 мянган зорчигч түгжигдсэн байна” гэсэн агуулгатай мэдээллийг бичлэгийн хамт түгээжээ. Тус мэдээлэл нь 1600 гаруй реакц, 166 сэтгэгдэл авч, 362 удаа түгээгдэж, 211 мянга гаруй удаа үзжээ.

Түгээсэн мэдээллийн бичлэг нь хэзээнийх вэ?

2023 онд Франц улсад болсон бослого, үймээн самууны үеийн бичлэг гэдгийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр X (хуучнаар Твиттер) дээр нийтлэгдсэн жиргээнээс харж болно. Энэхүү бослого, тэмцэл нь тэтгэврийн насыг 62-оос 64 болгон ихэсгэх гэсэн засгийн газрын бодлогыг эсэргүүцсэнээр эхэлжээ. Уг үйл явдлын улмаас 34 барилга, 300 гаруй машин шатсан бөгөөд 45 мянган цагдаа томилогдон ажиллаж хэдэн зуун баривчилгаа хийжээ.

Түгээсэн мэдээллийн агуулга нь үнэн үү?

2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Францын Парис хотод хурдны гал тэрэгний 4 буудлын кабел, утсыг шатааж, тасалж гэмтээсэн халдлага болжээ. Үүнээс болж ихэнх гал тэрэгний хуваарьт өөрчлөлт орон хойшлогдож, олон мянган зорчигч гацжээ. Одоогийн байдлаар үүний ард хэн байгааг олж тогтоогоогүй байгаа ч цагдаа нар энэ бол жирийн нэг сахилгагүйтсэн хэрэг биш, нарийн зохион байгуулалттай хорлох үйл ажиллагаа гэж үзэж байна.

Шалгасан мэдээллийн агуулга нь хэдий үнэний ортой боловч өөр үйл явдлын бичлэг ашиглан түгээжээ. Дэлгэрүүлбэл, 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу Парисын Олимпын нээлтийн өдөр болсон гал тэрэгний кабелийг таслан, шатааж халдсан хэргийн мэдээлэлд 2023 онд болсон өөр үйл явдлын бичлэгийг ашиглан, “террористууд халдаж, дэлбэлсэн” гэх тайлбар оруулж төөрөгдүүлжээ. Иймд та зураг болон бичлэгтэй мэдээлэл авахдаа ашигласан зураг, бичлэг нь тухайн мэдээллийнх мөн эсэхийг шалгаж байгаарай. Зургаар хэрхэн шалгах зааврыг манай дараах баримт шалгалтаас орж уншаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document