2024 оны 07 дугаар сарын 4-нд BGEO Mongolia хаягаас “Хямдрал дуусахад 10 хоног үлдлээ. 60% хямдрсан шүү бүx утаснд суулгах боломжтой. Бүх Android, iPhone (IOS) гар утсанд сүлжээгүй интернэтгүй орчинд хиймэл дагуултай шууд холбогдож ажиллах Монгол GPS суулгана. bGEO GPS хүссэн газарт тань саадгүй хүргэнэ. Монголын хамгийн өндөр нарийвчлалтай 2023 оны Газрын зураг, Уул ус булгийн нэр, Монгол цэс, Монгол дуу хоолой. Сүлжээгүй OFFLINE ажиллагаа. Хязгааргүй хэрэглээ. ( Online аар авах боломжтой) Үндсэн үнэ 80,000Үнэ 30,000” гэсэн пост оруулсан нь 485 удаа цааш түгээгдсэн байна. Уг постоо 07 дугаар сарын 18-нд дахин оруулж, 166 шэйр аваад байна.
Дараах байдлаар баримт шалгалаа.
Шалгасан мэдээлэлд дурдагдсан “bGeo GPS Navigator” гар утасны аппликейшний албан ёсны вэбсайт руу орж үзвэл Apple store, Google store болон Windows phone store дээрээс татаж авч хэрэглэх боломжтойг доорх зургаас харж болно.
Уг апп-ийг Финландын “Geophone Group International Oy” компани зохион бүтээсэн бөгөөд татаж авах болон ашиглахад үнэгүй аж. Учир нь энэхүү апп-ийг татахад “In-app purchases” буюу апп доторх худалдан авалт, төлбөр гэсэн шошго байхгүйг бид өөр апп болох Maps.me-тэй харьцуулан харууллаа. Мөн бид уг апп-ийг татаж аваад хэрэглэж үзэхэд ямар нэг төлбөр, мөнгө нэхэгдээгүй юм.
Бид “BGEO Mongolia” гэх мэдээлэл түгээсэн пэйжтэй холбогдон апп-ийн талаар тодруулахад эхлээд дурдсан данс руу төлбөрөө хийхийг хүслээ.
45 долоо хоногийн өмнө нэгэн хэрэглэгч Фейсбүүк пэйж дээр нь дараах сэтгэгдлийг бичжээ. “Мөнгөө хийсэн. Хариу байдаггүй“. Иймд та цахим орчинд худалдан авалт хийхээсээ өмнө тухайн пэйжийн About->Reviews хэсгээс бусад хэрэглэгчдийн үлдээсэн сэтгэгдлүүдийг шалгаж байгаарай.
Дүгнээд хэлбэл, үнэгүй татаж, хэрэглэж болох апп-ийг хямдруулсан мэтээр сурталчилж байгаа тул та бүхэн мэдээлэлд дурдсан бүтээгдэхүүнийх нь нэрийг бичээд хайж үзэж байгаарай. Үнэ төлбөргүй үйлчилгээг дундаас нь мөнгө олох хэрэгсэл болгож буй энэ мэт залилангаас сэргийлээрэй.