Хятад улс олимпоос баг тамирчдаа татсан гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1045

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Олимпын наадмаас тамирчдаа татсан гэх мэдээллийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэл нь Оросын сайтаас авсан хуурамч мэдээлэл юм. Тус мэдээлэлтэй холбоотой албан ёсны мэдэгдэл болон баталгаатай эх сурвалжийн мэдээлэл огт байхгүй байна.

2024 оны 07-р сарын 29-нд Зангараг.мн гэх хуудаснаас “Хятад улс Олимпоос баг тамирчдаа татсан гэнэ. Үүнийгээ зохион байгуулалт маш муу байгаатай холбож тайлбарлажээ” гэх мэдээллийг түгээжээ. Тус пост нь нийт 123 реакц, 12 сэтгэгдэл авчээ.  

Шалгасан мэдээлэлд дурдсан “Хятад улс тамирчдаа буцаасан” гэх агуулгаар хятад болон англи хэлээр хайхад энэ тухай мэдээлсэн албан ёсны эх сурвалж байхгүй байна. Харин оросын Панорама гэх хошигнол, егөөдөл голдуу гаргадаг сайтад 2024 оны 07-р сарын 28-нд “Хятад улс дуулиантай нээлтийн дараа Олимпоос тамирчдаа албан ёсоор татсан” гэх гарчигтай мэдээллийг түгээжээ.

Тус мэдээлэлд “Парисын олимпын нээлтийн ажиллагаатай холбоотой дуулиан тарьсны дараа Хятадын эрх баригчид багаа албан ёсоор буцаалаа. Хятадын гадаад хэргийн яам “соёлын болон ёс суртахууны доройтлыг” сурталчилсан арга хэмжээнд Хятадын төрийн далбаа болон төрийн эрхийг төлөөлөх боломжгүй гэж мэдэгдэв… Хятадын шигшээ баг бүхэлдээ Олимпод оролцохоо больсон… 422 тамирчнаас зөвхөн спортын гараагаа эхэлж байгаа, түүнчлэн зодог тайлж буй 57 хүн Парист үлдэнэ” хэмээн бичжээ. Гэвч энэ тухай мэдээлсэн олон улсын сайт байхгүй байна. БНХАУ-ын гадаад харилцааны яамны албан ёсны вэбсайт болон Олимпын хорооны вэбсайт дээр энэ талаар огт мэдэгдэл мэдээлэл гараагүй, Хятадын гадаад хэргийн яамнаас хийсэн албан ёсны мэдэгдэл байхгүй байна.

Мөн тус сайтад “хятадын 422 тамирчнаас 57 нь үлдэж бусад нь буцна” гэж мэдээлсэн боловч 2024 оны Олимпын наадамд Хятад улсаас нийт 388 тамирчин оролцож байгаа тухай USA today болон NBC Chicago  сайтууд мэдээлсэн. Мөн Парисын Олипын наадмын албан ёсны сайтад Хятадын тамирчид тэмцээнүүдэд оролцсоор байгааг харж болох юм. Иймд баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авч, агуулгыг бусад эх сурвалжаас нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document