“Дундговь аймгийн Өлзийт суманд таарсан” гэх аварга өтний бичлэгийг хиймэл оюунаар хийсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1044

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Дундговь аймгийн Өлзийт сумаас урагш 16км зайд”, “Энэ ямар амьтан бэ?” гэх тайлбартай олон хөлтэй аварга амьтны бичлэг нийтэлсэн.

Баримт шалгалтын үр дүн

Уг бичлэгийг AI технологи ашиглан бүтээсэн. Хуурамч мэдээлэл байна.

Холыг ойртуулагч хосын болзоо гэх пэйж хаягнаас 2024 оны зургаадугаар сарын 26-нд “Дундговь аймгийн Өлзийт сумаас урагш 16км зайд”, “Энэ ямар амьтан бэ?” гэх тайлбартай олон хөлтэй аварга амьтны бичлэг нийтэлсэн. Тус бичлэг нь 2800 гаруй реакц, 761 сэтгэгдэл авч 506 удаа цааш түгээгджээ.

Энгийн нүдээр харахад хуурамч болох нь илэрхий ч сонирхол татсан энэ төрлийн бичлэгээр хандалт авч, алгоритм ашиглан манипуляц хийх эрсдэлтэй тул энэхүү мэдээллийг шалгаж, хиймэл оюунаар бүтээсэн контентыг таних аргыг хуваалцлаа.

Бид дараах байдлаар шалгалт хийлээ

Бичлэгт харагдаж буй дүрс нь интернэтээр өргөн тархсан

Юуны өмнө бичлэгийг зураг хэлбэрт шилжүүлэн хуурамч, эвлүүлсэн эсэхийг шалгадаг mever программ ашигласан. Шалгалтын үр дүнд 97 хувийн хуурамч байх магадлалтай байна. Уг программ нь улаан өнгөөр хуурамч байх магадлалтай хэсгийг цэнхэр өнгөөр бодит хэсгийг тодруулж өгдөг. Мөн нарийвчилсан мэдээллийг шалгахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан Noiseprint++ хэмээх шүүлтүүрийг ашигладаг байна. 

InVID хэрэглүүр ашиглаарай

Цаашлаад бичлэгт харагдаж буй дүрсийг InVID хэрэглүүрээр хэсэгчлэн зураг хэлбэрт оруулсан, Google Lens ашиглан хайлт хийлээ.  

Хайлтын үр дүнд бичлэгт харагдаж буй дүрсийг зургаадугаар сарын 20-нд X платформд @IXITimmyIXI нэртэй хэрэглэгч нийтэлжээ. Бичлэгийн тайлбар хэсэгт “Arthropleura – 2 метр хүртэл урт өсөх чадвартай зуун хөлттэй төстэй аварга хөлт амьтан” гэжээ. 

Уг бичлэгийг бүтээсэн хэрэглэгч нь Америкийн хиймэл оюун ухааны (AI) Runway компанид хиймэл оюун ухааны зөвлөхөөр ажилладаг бөгөөд тус хуудсаараа дамжуулан өөрийн бүтээсэн бичлэгээ хүргэдэг байна.

Тэрээр тус бичлэгийг зураг, видео үүсгэх боломжтой хиймэл оюун ухааны (AI) программ болох Runway-ийн Gen-3 Alpha хэрэгслийг ашиглан бүтээсэн гэдгээ комментоор тайлбарлажээ. Мөн бичлэг дээрх олон хөлтэй амьтныг Arthropleura гэх 45-290 сая жилийн өмнө одоогийн Хойд Америк, Европын нутаг дэвсгэрт  амьдарч байсан асар том сээр нуруугүйтны төрлөөс санаа авч хийжээ.  

Тэрээр бүтээлээ илүү бодитой болгохоор ажиллаж буйгаа илэрхийлжээ.  

Энэхүү бичлэгийг олон янзын платформоор өөр өөр тайлбартай дамжуулсан нь  хуурамч мэдээлэлд газарзүйн байрлал үл хамаарах өргөн цар хүрээтэйг харуулж байна. Түүнчлэн AI технологи ашиглаж мэдээлэл түгээж байгаа бол зохих тэмдэглэгээг заавал тавьж байгаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document