2024 оны 07-р сарын 04-нд Сайхан бүсгүй нэртэй хуудаснаас “Булган аймаг, Хутаг-Өндөр сумаас зүүн хойш 18км-т байдаг шидэт рашааныг заавал очиж үзээрэй. Сахарын өвчин, нойр булчирхайд бол аатай сайн хэмээн ард олон сүсэглэн ундаалдаг юм гэнэ билээ…” гэх тайлбартайгаар нийтэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Модны дороос ус ундарч буй бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад дийлэнх илэрцийн тайлбар перс хэлээр бичигдсэн байна. Үргэлжлүүлэн тус модны зургаар хайхад @saeid_afrisham нэртэй Инстаграм хаягт 2024 оны тавдугаар сарын 26-нд нийтлэгдсэн аяллын бичлэгт гарч байна. Тус постын тайлбарт “Кохгилуйе Бояр Ахмад мужийн Бехбаханаас Лодаб дүүрэг хүртэл хоёр цагийн аялал хийлээ… Энэ аялалд бид эхний өдөр Дошмен Зияри хүрхрээ, хоёр дахь өдөр модны булагт зочилсон… ” хэмээн бичжээ.
Мөн @dr_elham_Siavashi Инстаграм хаягт 2023 оны 06-р сарын 13-нд болон 2024 оны 05-р сарын 06-нд тус газрын бичлэгийг нийтлэхдээ тайлбар хэсэгтээ “Дена уулын хэсэг” хэмээн оруулжээ. Дена уул нь Иран улсын Кохгилуйе Бояр Ахмад мужид байрладаг .
Ираны Mehr болон Irib мэдээллийн агентлагийн сайтад царс модны дороос ус ундрах газар нь Кохгилуйе Бояр Ахмад мужид байрлалтай хэмээн дурджээ.
Эх сурвалжийн тодруулга:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдээс “зүүн хойш 18 км-т байдаг модны ёроолд байх рашаан бий” гэх мэдээллийн дагуу лавлахад “Манай нутагт тийм рашаан байхгүй, харин хүмүүс асуугаад их ирж байна. Зүүн хойш рашаан бол байгаа, гэхдээ тэр бичлэг дээрх шиг модны доороос ундардаг рашаан байхгүй” гэдгийг хэллээ.
Иймд та бүхэн Иран улсад байдаг модны булгийг Булган аймагт байрлах рашаан хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэлд итгэж, цаг зав, түлш шатахуунаа бүү гарздаарай.