2024 оны 07-р сарын 17-нд Info Service нэртэй хуудаснаас “Ахмад настнуудад зориулсан орон сууцыг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо! Доорх сонголтын цэсэн дээр дарж ахмадын байраа аваарай!” гэх тайлбартайгаар зар бүхий зургийг түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 755 реакц, 524 сэтгэгдэл авч, 1,500 гаруй удаа цааш түгээгдсэн.
Хавсаргасан зурагт “7-р сарын 10-наас эхлэн олон тооны орон сууцыг төр засгаас шийдэж эхэлсэн бөгөөд 55-аас дээш насны ахмадууд сул орон сууцыг үнэ төлбөргүй авах боломжтой боллоо” гэх текстийг оруулж, дээд буландаа төрийн сүлдний зургийг оруулсан нь төрөөс үйл ажиллагаа явуулж буй мэт, үнэгүй байр тарааж буй мэтээр төөрөгдүүлж байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
Шалгасан мэдээллийг түгээсэн Info Service гэх хуудас нь 2024 оны 07-р сарын 16-нд нээгдсэн, нийт 988 дагагчтай байна. Харин шалгасан мэдээллийг 07-р сарын 17-нд оруулжээ. Хуудасныхаа мэдээлэл хэсэгт мэдээллийн технологийн компани гэх мэдээллээс өөр мэдээлэл огт оруулаагүй. Нүүр зургаас өөр зураг огт оруулаагүй байна. Шалгасан мэдээлэлд “төр засгаас үнэгүй байр өгч байна” гэх агуулгыг дурдсан ч түгээсэн хаягийн мэдээллийг харвал ямар нэг төрийн байгууллагын албан ёсны хуудас эсэх нь тодорхойгүй, өөр мэдээлэл огт оруулаагүй нь шинэ нээгдсэн хуудаст хандалт авах зорилготой, залилангийн шинжтэй хуурамч мэдээлэл түгээснийг илтгэж байна.
Агуулгыг нягтлах нь
Шалгасан мэдээлэлд холбосон линкийг харахад албан ёсны вэбсайтын url link биш, хэт урт линкийг богиносгон тавьжээ. Үргэлжлүүлэн тус линк рүү орж үзэхэд “https://homeappraisal111.life/…” гэх url link тэй байх бөгөөд огт ажиллахгүй байна.
Шалгасан мэдээлэлд “7-р сарын 10-аас эхлэн ахмад настнуудад үнэгүй байр өгнө” гэж дурдсан. Харин энэ тухай албан ёсны эх сурвалжтай мэдээлэл огт байхгүй байна.
Дээрх баримтуудыг харвал мэдээлэл түгээсэн хаяг нь хандалт авах зорилгоор хуурамч мэдээлэл түгээж байна. иймэрхүү төрлийн эргэлзээтэй мэдээлэлтэй таарвал, эхлээд түгээсэн хаягийг шалгаж, мэдээлэл дэх агуулгын нягталж өөр эх сурвалжаас мөн хайгаарай.