2024 оны долоодугаар сарын 26-нд Алтангаригийн Бүддорж гэх хаягтай хэрэглэгч “Өлгий хот Хятадын муж болсон уу” гэх тайлбартай бичлэг нийтэлсэн. Тус бичлэгт “БНХАУ Алтай хот”, “Монгол улс Өлгий хот” гэсэн бичигтэй хаалга хэлбэрийн байгуулмж байх ба үзэгдэх орчинд Баян-Өлгий аймгийн Өлгий хот харагдаж байна. Уг бичлэг 380 реакц, 119 сэтгэгдэл авч 288 удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар шалгалт хийлээ
Анхан шатны баримт шалгах аргын нэг хэсэг болох зургаар шалгах аргыг ашиглалаа. Үүний тулд уг бичлэгт харагдаж буй дүрсийг InVID хэрэглүүр ашиглан хэсэгчлэн зураг хэлбэрт оруулснаар Google Lens ашиглан хайлт хийлээ.
Хайлтын үр дүнд бичлэгт харагдаж буй байгууламж нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрладаг Найрамдлын Толгой гэх цогцолбор юм. Уг байгууламжийг 2015 онд Өлгий сумын 75 жилийн ойн баярт зориулан Хятадын Алтай аймгийн Алтай хотын удирдлагаас Найрамдлын бэлэг тэмдэг болгон барьж өгжээ.
Найрамдал Толгой цогцолбор
Энэ нь БНХАУ-ын газар нутагт бус, Монгол Улсын Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод байрлах бөгөөд Ховд голын эрэгт хадан ууланд зам засаж, хотыг тэр чигт нь харах өндөрлөгт байгуулсан байна.
Түгээсэн бичлэгт найрамдлын бэлэг тэмдэг болгож барьж өгсөн гэх агуулгатай самбарыг харуулах боловч энэ тухай дурдаагүй, харин “Хятадын муж болсон уу” гэх тайлбар бичиж, төөрөгдүүлжээ.