2012 оноос хойш төрсөн хүмүүст 1072 хувьцааг олгох боллоо гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #104

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2012-2018 онд төрсөн хүүхдэд 1072 хувьцааг тарааж байна гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2012 оноос хойш төрсөн иргэнд хувьцаа олгох шийдвэр гараагүй.

2021 оны 12 дугаар сарын 01-нд Facebook-д 93.7 мянган дагагчтай “Цалинтай ээж, хүүхдийн мөнгө, халамж” гэх паблик группэд “Эрдэнэс Толгой Ххк” нэртэй хэрэглэгчийн хаягаас “2012-2018 онд төрсөн хүүхдэд 1072 хувьцааг тарааж байна” гэх мэдээлэл оруулжээ. Уг мэдээлэлдээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн логотой, Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн нэртэй албан бичигтэй төстэй хуудас хийж хавсаргажээ.

 Уг мэдээллийг 12 дугаар сарын 02-ны 11:00 цагийн байдлаар 171 реакц, 512 сэтгэгдэл өгч, 573 удаа цааш түгээсэн байна.

   📌Уг постод “Эрдэнэс Тавантолгой ХХК хувьцаа эзэмшигчдийн анхааралд. Монгол Улсын Засгийн газраас 2012 оноос 2018 оны 12 дугаар сарын 21-нээс өмнө төрсөн хүүхэд Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн хувьцаа авах боломжтой боллоо. 1072 хувьцааг тарааж байгаа. Хувьцаа нь данс нээж бүртгэл баталгаажуулалт холболт хийлгэж авах боломжтой. Мөн томчууд маань ч бас аваагүй бол холбогдож мэдээлэл авна уу” гэсэн байна.

1. 2012 оноос хойш төрсөн иргэнд хувьцаа олгох шийдвэр гараагүй.

✅“Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн 18001072 дугаарт холбогдож тодруулахад ийм шийдвэр гараагүй худал мэдээлэл гэв. Эрх зүйн мэдээллийн сангаас шүүж үзэхэд дээрх утгатай шийдвэр гараагүй байна.

2. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэрүүд

✅*Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 39 дугаартай “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол гаргасан. Уг тогтоолд Засгийн газарт Эрдэнэс-Таван толгой компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар зааж өгсөн. Тогтоолын 2/а-д “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх;” арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

✅Засгийн газраас УИХ-ын дээрх 39 дугаарт “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” асуудлыг шийдвэрлэх тогтоолд үндэслэн 2011.03.31-ний өдөр 98 дугаартай Монгол Улсын иргэнд Эрдэнэт Тавантолгой компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд эзэмшүүлсүгэй” гэж заасан.

✅Мөн Засгийн газрын 2012.04.11-ний өдрийн 116 дугаартай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1.1-д “Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх;” гэж заасан ба 1.2-д “2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх;” хэмээн тус тус заасан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document