Увс нуурын хойд үзүүр ОХУ-д орсон гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1039

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Увс нуурын хойд хэсэг ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хил хамгаалан Ерөнхий газрын албан ёсны хуудаст “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг 1987-1996 онд хамтран шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд Увс нуур хойд хэсгээр 9,36 км усаар Оросын Холбооны Улстай хиллэж байгааг шалгаж тогтоосон байдаг. Увс нуурын усны түвшин нэмэгдэж, багасахтай холбоотойгоор Оросын Холбооны Улсын талд хамаарах усны хэсэг өөрчлөгдөх тохиолдол гардаг ч, Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.” хэмээн мэдээлжээ.

2024 оны 07-р сарын 24-нд Алтангаригийн Бүддорж хаягаас “Энэ Увс нуур хэзээнээс хилийн цаана оров? мэддэг хүн бна уу? сөөм сөөмөөр идүүлээл бна даа” гэх тайлбартайгаар Увс нуурын зүүн дээд хэсэг ОХУ-ын хил дотор буй газрын зургийг хамт нийтэлжээ. Тус пост нь нийт 729 реакц, 304 сэтгэгдэл авч, 1,000 удаа цааш түгээгджээ.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын албан ёсны Фейсбүүк хуудас “Хил хамгаалах байгууллага”-д 2024 оны 07-р сарын 25-нд албан ёсны мэдэгдэл хийсэн.

Хил хамгаалах ерөнхий газраас хийсэн мэдэгдэл:
“Монгол Улс, ОХУ-тай 3543 км хэсгээр хиллэдэг бөгөөд үүний 680 километр нь усан хил байдаг.
Монгол Улс, ОХУ-тай 1958 болон 1976 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондын хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан. Хоёр улсын хооронд байгуулсан 1958 оны гэрээнд Увс нуурын хэсгийн хилийн шугамын явалтыг “Оргих голын адаг уруу шулуун шугамаар зүүн өмнө зүгт чиглэн Увс нуур дээгүүр явж, уг голын адагт хүрнэ” гэж тэмдэглэсэн.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг 1987-1996 онд хамтран шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд Увс нуур хойд хэсгээр 9,36 км усаар Оросын Холбооны Улстай хиллэж байгааг шалгаж тогтоосон байдаг.
Увс нуурын усны түвшин нэмэгдэж, багасахтай холбоотойгоор Оросын Холбооны Улсын талд хамаарах усны хэсэг өөрчлөгдөх тохиолдол гардаг ч, Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.”

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 7-р зүйлд “7.1.Улсын хилийг газар дээр нь тогтоохын тулд хил залгаа улстай хилийн шугамыг тодорхойлж, хилийн гэрээ байгуулах ба түүнийг Улсын Их Хурал соёрхон батална.” хэмээн заасан байдаг.

2004 оны 04-р сарын 19-нд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд улсын хилийг 1987-2001 онд хийсэн шалгалтаар хоёр улсын хилийн шугамыг тодорхойлсон баримт бичгийг баталсан.  Харин 2007 оны 10-р сарын 04-нд “Монгол-Оросын Улсын хилийн дэглэмийн тухай” Монгол Улс, Оросын Холбооны улс хоорондын гэрээг соёрхон баталжээ.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны албан ёсны сайтад 2021 оны 06.04-нд орсон мэдээлэлд “Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг.

“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу Талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээн мэдээлсэн.

Дээрх баримтаас харвал 1987-2001 он хүртэл хийсэн хоёр улсын хилийн хамтран шалгалтаас хойш 2022 онд хилийн шалгалтын дахин эхлүүлж байгаа учраас хилийн хэмжээ мэдэгдэхгүйгээр өөрчлөгдөх боломжгүй.  

Мөн 2003 онд Увс нуурын ай сав нэрээр Оросын Холбооны улстай хамтран Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Юнескогийн Дэлхийн Өвийн албан ёсны сайтад бүртгэлтэй газрын зургийн мэдээлэлд Монголын газар нутагт байрлах өргөрөг 50 19 60.00N, уртраг 92 52 60.00E -д байрлах Увс нуур 424,298 га,  Оросын газар нутагт өргөрөг 50 37 0.00N, уртраг 93 7 60.00E-д байрлах Убсу-Нур (Ubsu-Nur) 4490 га хэмээн тэмдэглэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document