2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Амжилт MN гэх Фейсбүүк пэйж “УИХ-ын шинэ 48 гишүүн улсаас байр авах хүсэлт өгчээ” гэх пост түгээжээ. Уг пост нь 330 гаруй реакц, 164 сэтгэгдэл авч, 22 удаа цааш түгээгджээ. Мөн Фейсбүүк дэх хэд хэдэн хуудаснууд ижил агуулгатай мэдээлэл түгээснийг энд, энд, энд, энд, энд, эндээс харж болно.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээлэлд 2024 оны 7 дугаар сарын 21-нд УИХ-ын Тамгын газраас “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно” гэсэн тайлбар, мэдэгдлийг гаргажээ (архивлагдсан хувилбар).
Мөн бид энэ талаар УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албанаас 07 дугаар сарын 22-нд тодруулахад, “Монгол Улсын Их Хурлын Тухай хуулийн 8 дугаар зүйл буюу Улсын Их Хурлын гишүүнийн бүрэн эрхэнд орон сууцны дэмжлэг улсаас авах, хүсэлт гаргах гэсэн заалт тусгагдаагүй. Монгол Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ 4 жилийн хугацаанд зөвхөн хууль, тогтоомжид заасны дагуу л эдлэх эрхтэй. Иймд цахим орчинд түгээд буй мэдээлэл огт ор үндэслэлгүй, байх боломжгүй зүйл юм” гэжээ.
Хэдийгээр зарим хэвлэл мэдээлэлд өмнөх сонгуулиудын дараа бүрэлдсэн УИХ-ын зарим гишүүд 50 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг авч байсан тухай мэдээлж байсан ч (энд бас энд) энэ удаа шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүд үнэгүй байраар хангагдах тухай баримт, баталгаатай мэдээлэл байхгүй байна.