2024 оны 07 дугаар сарын 17-нд Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин цус харвасан гэх албан бус мэдээ нийгмийн сүлжээнд тархаад байна. Тус мэдээлэлд Ши Жинпин цагаан аягатай уух юм уун нүдээ анин ярвайж буй зургийг ашиглан (энд бас энд) “Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин цус харвасан гэдэг албан бус мэдээ гараад эхэлсэн байна. Ямар ч байсан нэг юм болж. Одоохондоо мэдээлэл баталгаажаагүй байна” хэмээн тайлбарлан түгээжээ.
Мөн Х (хуучнаар Твиттер)-т @_Amarsanaa гэх хаягаас 2024 оны 07-р сарын 17-нд “Шуурхай мэдээ: 🚨Хятад ерөнхийлөгч Ши Жиньпин цус харвасан гэсэн мэдээлэл сая цацагдлаа” гэх тайлбартайгаар ижил зургийг нийтэлжээ (архивлагдсан хувилбар).
Ерөнхийлөгч Ши Жинпин цус харвасан тухай баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд түүний цус харвасан тухай мэдээлэлд 03 дугаар сард болсон үйл явдлын үеэрх зургийг ашиглан түгээсэн нь төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэхээр байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид дээрх мэдээлэл дэх Ши Жинпиний зургийг Google Lens хайлтын системээр хайхад тус зургийг 2024 оны 03 дугаар сард мэдээллийн сайтуудаар нийтлэгджээ. Тодруулбал, Их Британийн DailyMail 2024 оны 03-р сарын 11-нд Ши Жинпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр “цай балгасныхаа дараа ярвайв” гэх тайлбартайгаар нийтэлжээ.
Үргэлжлүүлэн AP Newsroom болон Getty Images зургийн архиваас “Ши Жинпин” гэх түлхүүр үгээр хайхдаа цаг хугацааг нь 2024 оны 03 сарын 11-14 хооронд тохируулан хайхад 2024 оны 03-р сарын 11-нд Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэрх зургууд илэрцээр гарч ирсэн.
Өөрөөр хэлбэл Ши Жинпин ямар нэг өвдөлтийн улмаас бус харин уух юмнаасаа болж нүдээ анин ярвайсан байхаар байна.
Бид үргэлжлүүлэн түүнийг цус харвасан тухай 07 дугаар сарын 17-ны байдлаар баталгаатай эх сурвалжийн мэдээлэл хайхад ямар нэг илэрц гарч ирээгүй байна (архивлагдсан хувилбар).