Доналд Трамп цээжиндээ буудуулсан гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1036

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Доналд Трамп руу буудах үед цээжин хэсэгт нь оносон ч сум нэвтэрдэггүй хантаазтай байсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Доналд Трамп цээжин хэсэгтээ буудуулаагүй. Шалгасан зурагт сумны шарх биш түүний урд зогсож буй хамгаалагчийн хувцасны нугалаас харагдаж байна.

2024 оны 07-р сарын 13-нд Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Доналд Трамп буудуулсантай холбоотойгоор түүнийг цээжиндээ буудуулсан гэх мэдээлэл түгээд байна. Тодруулбал зарим Фейсбүүк хэрэглэгч (энд бас энд) ерөнхийлөгч асан Трамп цээжиндээ буудуулсан гэх зураг буюу түүний цээжин хэсэгт нүх гарч шараар тодруулсан зургийг түгээн “…8 сумнаас хоёр нь байгаа оносон байна. Нэг нь чих шүргэсэн, нөгөө нь цээжин тус газар оносон боловч, сум нэвтэрдэггүй хантаазтай байж. Ард нь индэрт байсан 1 хүн алагдсан бол ойролцоо нь сууж байсан,  Төлөөлөгчдийн танхимын дарга Жонсоны хамаатан шархтсан…” гэх тайлбарын хамт түгээжээ.

Трамп 2024 оны 7-р сарын 13-нд Пенсилвани мужийн Батлер хотод ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажилдаа оролцож байх үеэр халдлагад өртсөн. Тус үйл явдлын үеэр Доналд Трамп цээжин хэсэгтээ биш баруун чихэндээ буудуулсан гэж тэрээр мэдэгдсэн.

Трамп буудуулсныхаа дараа авхуулсан доорх зурагт зөвхөн цээжин хэсгийг тодруулан харвал хар нүх байгаа мэт харагдаж буй боловч тус зургийн бүтэн хувилбарт цээжин хэсэгт нүх гараагүй, харин хамгаалалтын ажилтны хувцасны нугалаас харагдаж байна. Энэ үйл явдлын зургийг Assoicated Press (AP) мэдээллийн байгууллагын зурагчин Эван Вуччи авсан байна.

Зургийн эх сурвалж: Associated Press

Цаашлаад AP ижил агуулгатай мэдээлэлд буюу Трамп цээжиндээ буудуулсан гэх мэдээлэлд хийсэн баримт шалгалтдаа дээрх бүтэн зургийг ашиглан тайлбарласан байна. Тус байгууллагаас гадна Lead Stories, Quint, Reuters зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрх мэдээлэлд баримт шалгалт хийсэн байна.

Мөн AP Инстаграм хуудастаа  2024 оны 07-р сарын 14-нд нийтлэгдсэн ижил байрлалтай өөр агшинд буулгасан зурагт Доналд Трампын цээжин хэсэгт нүх байхгүй болохыг харж болохоор байна.

Зургийн эх сурвалж: Associated Press

Буудуулснаас хойш ерөнхийлөгч асан Трамп 07 дугаар сарын 13-нд өөрийн Truth Social дахь мэдэгдэлдээ цээжиндээ буудуулсан тухай дурдаагүй ба “Би баруун чихнийхээ дээд хэсэгт буудуулсан. Шунгинах чимээ, буун дуу зэргийг сонсоод ямар нэг зүйл буруугаар эргэснийг мэдсэн ба миний арьсыг сум цоолсныг мэдэрсэн.” хэмээн өөрийн буудуулсан түүхээ тайлбарласан байна.

Түүнчлэн түүний тусгай хамгаалалтын албанаас (the United States Secret Service) түүнийг аюулгүй, шинжилгээнд орж байгаа тухай 07 дугаар сарын 14-нд X-т (хуучнаар Twitter) мэдээлж байсан юм.

Харин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоны хамаатан шархтсан тухай мэдээлэл байхгүй ба Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ронни Жаксоны хамаатан шархадсан тухай тэрээр 13-нд мэдээлж байсан байна. Трампыг буудсан явдлаас үүдэн буудуулан амиа барсан 50 настай Кори Комператор (Corey Comperatore) болон 57 настай Дэвид Датч (David Dutch), 74 настай Жэймс Копенхэйвэр (James Copenhaver) нар хүнд байдалтай байгаа тухай 07 дугаар сарын 16-нд CBS мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document