“Усан доторх ус” гэх бичлэг нь урвуу харуулсан камерын бичлэг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1035

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эрдэмтэд усан доторх усыг нээж илрүүлжээ” гэх тайлбартайгаар усанд шумбагчдын бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шинэ төрлийн ус нээн илрүүлсэн биш харин урвуу харуулсан камерын бичлэг болон хадан завсар дахь агаарын ховил үүссэн байсныг шинэ ус нээсэн мэтээр тайлбарлажээ.

2024 оны 06 дугаар сарын 30-нд Хялбар Хятад Хэл хаягтай Фейсбүүк хуудас “Эрдэмтэд усан доторх усыг нээж илрүүлжээ” гэх тайлбартай усан дотор шумбаж буй богино бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт усны хувцастай шумбагчид усан дотор алхах, саванд “ус хийх” гэх мэт үйлдлийг үзүүлэх ба эдгээр нь усан дотор өөр нэг төрлийн ус байгаа мэт харагдуулна.

Энэ бичлэг дэх үйл явдал нь ямар нэг шинэ төрлийн ус нээж илрүүлсэн хэрэг биш бөгөөд харин хадан завсар хуримтлагдсан агаарт хүрч буй болон камераа урвуу харуулан усанд шумбасныг харуулж буй юм.

Шалгасан бичлэгт хоёр төрлийн бичлэгийг нийлүүлэн эвлүүлснийг харж болно. Бичлэгийн эхний хэсэг буюу усанд шумбаж буй бичлэгийн бүтэн хувилбар @CatersClips Youtube сувагт 2020 оны 06-р сарын 16-нд нийтлэгдэж байсныг бид тогтоосон. Тус бичлэгийн тайлбар хэсэгт бичлэгийн эх хувилбарыг оруулсан @shangerdanger youtube сувгийг дурджээ. @Shangerdanger сувагт бичлэгийн богино хувилбарыг 2022 оны 05 дугаар сарын 16-нд нийтэлжээ.

Доорх бичлэгийн бүтэн хувилбарын 0:24 секундэд шумбагч урвуу байрлалтайгаар доош сэлэн усан доорх хадан дотор ороод камераа эргүүлж босоо байрлалд оруулсныг харж болно.

Бичлэгээс ажиглахад усан доорх хадны дотор агаар хуримтлагдсан нь харагдаж байна. Усан доорх хадны дор агаар хуримтлагдахыг агаарын ховил буюу Air pocket гэж нэрлэдэг. Энэ нь хадны завсарт усны түвшин хүрэхгүй ховил үүсэх үзэгдлийг хэлнэ. Бичлэгээс хадны дээд хэсэгт гараараа хүрэхэд жижиг бөмбөлгүүд агаарын ховилоос усан нэвтрэн буцаж дээш хөөрч буйг харж болох ба бичлэгийн 01:14 секундэд шумбагч урвуу байрлалаасаа гарч дээш шумбаж байгааг харж болно.

Харин бичлэгийн хоёр дахь хэсэг буюу усанд алхаж буй шумбагчдын бичлэгийг Google Lens хайлтын системээр хайхад The Weather сувгийн албан ёсны сайтад “Шумбагчид мөсний дор урвуу байрлалтайгаар загасчиллаа” гэх тайлбартайгаар 2017 оны 05-р сарын 232-нд нийтлэгдэж байсныг тогтоосон. Мөн энэ бичлэгийг тайлбарласан нийтлэл Их Британийн Daily Mail мэдээллийн сайтад 2012 оны 01-р сарын 04-нд нийтлэгдэж байжээ.

Энэ бичлэг нь мөн л камераа урвуу харуулж бичсэн бичлэг бөгөөд шумбагчид амьсгалахад бөмбөлөг биеэс нь доош буюу усны гадаргуугаас дээш чиглэлтэй хөөрч байгааг бичлэгийн 03:16 секундээс харж болно. Бичлэгийн эх хувилбар нь 2012 оны 01-р сарын 03-нд @juusdo Youtube сувагт “Мөсөн дор загасчлах” гэх тайлбартайгаар нийтлэгдсэн ба Финландын Саариярви нууранд бичлэг хийснийг тэмдэглэжээ.

Дүгнэвэл шинэ төрлийн ус нээн илрүүлсэн биш харин урвуу харуулсан камерын бичлэг болон хадан завсар дахь агаарын ховил үүссэн байсныг шинэ ус нээсэн мэтээр тайлбарлажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document