Search

Олимпын тамирчдын өмсөх дээлийг Хятадаас оруулж ирсэн гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1034

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2024 оны Олимпод оролцох баг тамирчдын өмсөх хувцсыг Хятадаас оруулж ирсэн, загварыг хулгайлсан гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг дээрх хятад хэлээр бичсэн постод Монголд болсон Youth Confrence 2024 -ийн зургийг ашигласан бөгөөд Хятадаас авсан эсвэл загвар хулгайлсан гэх агуулгыг огт дурдаагүй байна.

Парис хотноо болох 2024 оны Олимпын наадамд Монгол улсын тамирчдын өмсөх хувцасны загвартай холбоотойгоор нийгэмд хэлэлцүүлэг өрнөж эхэлсэнтэй зэрэгцээд хувцасны загварыг хятадаас хулгайлсан, оруулж ирсэн гэх мэдээлэл түгээд байна. Тодруулбал, 2024 оны 07-р сарын 09-нд Тимо Буруу Ишилсэн Сүх нэртэй хаягаас “Энэ хувцсыг урдаас оруулж ирж улсад шахахдаа гүлдийхгүй худал тууж байгаа хүнийг өмөөрөх нь хаашаа юм. Эмэгтэй тамирчны хувцас бүр яг дүрээрээ байгаа биз” гэх тайлбартайгаар хятад хэл дээр бичигдсэн постын зураг (screenshot)-тай хамт нийтэлжээ. Түүнчлэн Jonon TV нэртэй хуудаснаас “Цаана чинь хятадууд манай загвар хулгайлсан гээл маш их гомдолтой байна…” гэх тайлбартайгаар ижил зургийг түгээсэн байна.

Бид дээрх мэдээлэлд ашигласан зургийн эх сурвалжийг олсон бөгөөд тус зурагт Хятадаас хулгайллаа гэх ямар нэг агуулга байхгүй харин хувцасны загварыг сайшааж магтсан агуулгатай болохыг тогтоосон.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагт @Ww гэх хаягаас хятад хэл дээр бичигдсэн. Тиймээс бид Weibo-с (хятадын блог вэбсайт) “Парисын Олимп Монгол хувцас” (巴黎奥运会·蒙古国礼服) гэх түлхүүр үгээр хайхад 升到第五维 нэртэй хаягт @Ww хаягийг дурдаж Xiaohongshu (хятадын сошиал медиа платформ) сайтын линкийг хавсаргажээ.

Тус линкээр ороход шалгасан мэдээллийн эх хувилбарыг 06-р сарын 29-нд Өвөр Монголд байрлалтай @Ww гэх хаяг “Монгол улсын 2024 оны Парисын Олимпод оролцох хувцас үзэсгэлэнтэй юм. 1,4 тэрбум хүн дунд загвар зохион бүтээгч алга уу? Бүгд залуу зохион бүтээгчид оролцож бүтээсэн юм байна. Манайхыг хэн зохиосон юм бэ? Мэдмээр байна” гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Weibo-д нийтлэгдсэн постын эх хувилбар

Мөн @Ww хаягт нийтлэгдсэн зургийн дээд талд нь TsoilogsoZ, Монголын Үндэсний Олимпын хороо, Ug Arena болон Go Mongolia-ийн лого байгааг харж болох юм. Уг зургийн эх хувилбар нь 05-р сарын 19-нд ЦойлогсоZ-ийн албан ёсны фейсбүүк хуудаст постлогдсон бөгөөд UG Arena-д зохион байгуулагдсан “Youth Confrence 2024” арга хэмжээний үеэрх зураг ажээ.

Weibo-д нийтлэгдсэн постоос үзэхэд Олимпод оролцох тамирчдын хувцасны загварыг Хятадаас хулгайлсан гэх агуулга огт байхгүй ба Хятадаас хулгайлсан гэх пост нь зориуд мушгин гуйвуулсан агуулгатай байхаар байна.

Постын эх хувилбарын англи орчуулга

Хэдийгээр нийгмийн сүлжээнд Олимпод оролцох тамирчдын хувцас Хятад, Манж загвартай ойролцоо тухай яриа өрнөж буй ч дээрх мэдээлэл нь Хятадаас хулгайлсан гэх агуулгыг илэрхийлээгүй болохыг харж болохоор байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document