Чихрийн шижинг эмчлэх хуурай сүүн бүтээгдэхүүн хэмээн ХУУРАМЧ бүтээгдэхүүн сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1033

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Gluzextra Gold гэх чихрийн шижингийн хуурай сүүн бүтээгдэхүүн хэрэглээд цусан дахь сахарын хэлбэлзэлд санаа зовохоо боль гэх агуулга бүхий бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас гаргасан Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Gluzextra Gold” бүтээгдэхүүн орсон ба хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны сертификат нь өөр, өөр компанийнх байна. Иймд хуурамч сурталчилгаа бүхий бүтээгдэхүүн дур мэдэх хэрэглэхээс зайлсхийж заавал эмчид хандаарай.

2024 оны 06-р сарын 30-нд “Gluzextra Gold – Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан 1” нэртэй хуудаснаас чихрийн шижин өвчнийг сарын дотор эмчлэх хуурай сүүн бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий бичлэг түгээжээ. Тус бичлэгт нэг сар хэрэглээд “Нэг сар хэрэглээд цусан дахь сахарын хэлбэлзэлд санаа зовохоо больж, өдөр бүр инсулин тарьж, эм хэрэглэх шаардлагагүй болно. 4 долоо хоногийн дараа цусан дахь сахарын хэмжээ тогтвортой түвшинд хүрнэ… Эрүүл тогтвортой амьдрахад туслана…” гэх агуулгыг дурджээ. Мөн бичлэгт “Америкийн шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн хамтрагч бид 10 жилийн турш судалгаа хийж бүрэн эмнэл зүйн туршилт хийсний дараа цусан дахь сахарын хэмжээг хурдан зохицуулж, ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүн бүрийн эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн гаргахын төлөө шаргуу ажилласан.” хэмээн бүтээгдэхүүнээ тайлбарласан байна. Уг бичлэг нь нийт 44 реакц, 113 сэтгэгдэл авч, 35 удаа цааш түгээгдсэн.

Бичлэгийн дуу найруулгыг эмэгтэй, эрэгтэй хоёр хүний хоолойгоор хийсэн нь сонсогдох ба үүнийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн байхаар байна. Мөн ижил төрлийн бүтээгдэхүүнийг  “Gluzextra Gold Mongolia”, “Gluzextra Gold – Чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан эмнэлгийн тэжээл”, “Gluzextra Mongolia – Сүү цусан дахь сахарын хэмжээг сайжруулна”, “Gluzextra Gold – Цусан дахь сахарын хэмжээг хянах 5-6 ммоль/л”   зэрэг хуудсуудаар сурталчилж байсныг бид тогтоосон.

Бид чихрийн шижинд зориулсан гэх энэ бүтээгдэхүүний талаар судлахад тус бүтээгдэхүүн нь Тайландын Хүнс, эмийн агентлаг зөвшөөрөлгүй бүтээгдэхүүний “ашиг тус, шинж чанарыг хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгоор хуурамч сурталчилгаа явуулсан” болохыг 2024 оны 04-р сарын 10-нд мэдэгдэж байжээ. Тодруулбал, тус байгууллагын албан ёсны сайт дахь мэдэгдэлдээ “Баримтаар шалгахад уг бүтээгдэхүүн нь Хүнс, эмийн агентлагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд бүтээгдэхүүний ашиг тус, шинж чанарыг худал сурталчилж, хууран мэхэлсэн болохыг тогтоосон. Одоогийн байдлаар Вьетнамын гэмт хэрэгтнүүдийг яллах шатандаа явж байгаа ба зах зээлд байгаа бүтээгдэхүүнд хяналт тавихын зэрэгцээ нэмэлт зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.” хэмээн мэдээлжээ.

Бид өмнө нь Zextra Sure үе мөчний өвчнийг арилгах хуурайн сүүн бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий мэдээллийг шалгасан билээ. Бид 2024 оны 06 дугаар сарын 18-нд шалгаж тайлагнасан “ “Үе мөчний өвчнийг бүрэн арилгана” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, худалдаалах нэрийдлээр залилан хийж байна” баримт шалгалтын тайланд Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний тухай нийтэлсэн. Тодруулбал, тус тайланд Тайландын мэдээллийн сайт Nation Thailand мэдээллийн сайтад Вьетнамаас орж ирсэн хуурамч бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан тухай дурдсан билээ. Тэгвэл Nation Thailand болон Thai. News мэдээллийн сайтын мэдээлэлд дараах бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн. Үүнд:

  • Ovisure Gold
  • Digo Sure
  • Zextra Sure
  • Via Sure Calcium
  • Hevisure Gold
  • GluOats
  • Gluzextra Gold
  • HIUP Complete
  • Sica Sure Canxi Wemee
  • Pro Up
  • HEvifood Body Fit зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Үүнд бидний шалгасан Zextra sure болон GLuzextra Gold бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Шалгасан мэдээллийг түгээсэн Фейсбүүк хуудаснууд бүгд саяхан буюу 06-р сарын 29 эсвэл 30-нд нээгдсэн байна. Мөн хуудасны холбогдох хэсэгт байршуулсан “98104712” дугаар ашиглалтад байхгүй дугаар байх бөгөөд Монголд албан ёсоор оруулж ирж буй компанийн тухай мэдээлэл огт байхгүй байгаа нь баталгаатай биш гэдгийг илтгэж байна

Бид тус бүтээгдэхүүнийг Монголд худалдаалж буй хуудас руу бичиж бүтээгдэхүүний сертификатыг зурган хэлбэрээр авахад бүтээгдэхүүн худалдаалах үйлдвэрийн сертификатад өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэртэй байна. Тодруулбал, зурагт харагдаж буй сертификат дээр бичигдсэн “Hoang Huy Development and Investment trading company limited” компани нь моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хангамжийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Өөр үйл ажиллагаа явуулдаг, өөр бүтээгдэхүүн худалдаалдаг компанийн нэртэй батламжийг ашиглан найдвартай мэт сэтгэгдэл төрүүлэхээр ашиглажээ.

Тус бүтээгдэхүүнийг сурталчилж буй фейсбүүк хуудаснаас авсан сертификатын зургийг мөн дор үзүүллээ.

АНУ-ын Клийвландын клиникийн мэдээлснээр чихрийн шижин өвчний үед тухайн өвчтөний өвчлөлөөс хамаарч өөр өөр эм, хоол хүнсний дэглэм, дасгал хөдөлгөөнийг санал болгон эрүүл амьдралын хэв маягтай байхыг зөвлөдөг байна. Дан ганц хуурайн сүүн бүтээгдэхүүн хэрэглээд чихрийн шижин өвчнөөс сэргийлэхгүй бөгөөд эмчийн зөвлөгөөнд дээрх аргуудыг цогцлуулан хэрэглэх хэрэгтэй.

Мөн бид 2023 оны 06 дугаар сарын 30-ны “Чихрийн шижинг бүр мөсөн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй” баримт шалгалтад чихрийн шижин өвчнийг эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй тухай мэдээлсэн. Тодруулбал, Их Британийн Чихрийн шижин судлалын хүрээлэнгийн мэдээлэлд “Чихрийн шижинг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. 1 болон 2 дугаар төрлийн чихрийн шижинг ялгаж ойлгох нь зүйтэй. 2 дугаар төрлийн чихрийн шижингийн үед жингээ зөв зохицуулах нь маш чухал. Жин хэвийн хэмжээндээ байх үед цусан дахь глюкозын түвшин ч тогтворждог. Гэхдээ энэ нь чихрийн шижин бүрэн эдгэчихнэ гэсэн үг биш. Тиймээс тогтмол эрүүл мэндийн үзлэгт орж, эмчийн хяналтад байх нь зүйтэй. Харин 1 дүгээр төрлийн чихрийн шижингийн үед дархлааны систем инсулин ялгаруулагч бэта эсүүдийг устгачихдаг учир дархлааны системийн дайралтыг сааруулах эмчилгээ хийдэг. Дэлхий даяарх маш олон судалгааны төв эмчлэх аргыг хайж буй ч бүрэн эмчлэх арга одоогоор байхгүй” хэмээжээ.

Иймд эмчийн зөвлөгөө, зааваргүйгээр дур мэдэн баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндийн сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй тул заавал мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөгөө авахыг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document