2024 оны 05-р сарын 25-нд Жаргалсайхан Тугчин нэртэй хаягаас “Буруу сонголтоос болж улс мөхдөг! Украины ерөнхийлөгч Зеленский ” гэх тексттэй түүний бүжиглэж буй мэт богино бичлэгийг түгээжээ. Тус бичлэгийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны байдлаар нийт 113 реакц, 22 сэтгэгдэл авч, 52 удаа цааш түгээгдэж, 41 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
Энэ бичлэг нь ерөнхийлөгч Зеленский бүжиглэж буй жинхэнэ бичлэг биш бөгөөд харин хиймэл оюун ухаанаар бүтээсэн зохиомол бичлэг болохыг бид баримт шалгалтаар тогтоолоо.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Google хайлтын системээр “Украины ерөнхийлөгчийн бүжиглэж буй бичлэг” гэх агуулгаар хайхад шалгасан бичлэгт 2023 оны 09-р сарын 26 -нд Deutsche Welle мэдээллийн сайт баримт шалгалт хийжээ. Тус баримт шалгалтад бичлэгийг хиймэл оюун ухаанаар эвлүүлснийг дурдсан.
Тодруулбал, бичлэгт бүжиглэж буй хүн Украйны ерөнхийлөгч Зеленский биш Аргентины бүжигчин Пабло Акоста (Pablo Acosta) бөгөөд бичлэгийн эх хувилбар 2023 оны 06-р сарын 01-нд @pabloacostabellydance Инстаграм хаягт нийтлэгджээ. Түүний дараагаар 2023 оны зун Украины ерөнхийлөгч Зеленский гэх тайлбартайгаар сошиал медиад эрчимтэй түгсэн.
Пабло Акоста өөрийн Инстаграм хаягтаа бүжиглэж буй бичлэгээ тогтмол нийтэлдэг. Доорх зурагт бүжигчин Пабло Акоста болон Украины ерөнхийлөгч Зеленскийгийн царайг харьцуулан харууллаа.
Мөн France 24 сувгийн албан ёсны Youtube хуудаст 2024 оны нэгдүгээр сарын 11-нд нийтлэгдсэн мэдээлэлд Украины ерөнхийлөгч Зеленскийгийн бүжиглэж буй мэт бичлэгийн тухай тайлбарласныг дор үзэж болно.
Дүгнээд хэлбэл Украины ерөнхийлөгч Зеленский бүжиглэсэн бичлэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зохиомол бичлэг бөгөөд Аргентины бүжигчин Акостагийн бүжиглэж буй бичлэгийг хувирган өөрчилсөн байна.