Сонгуулийн үед нэр дэвшигч, улстөрчдийн тухай гүтгэн доромжилсон, дайрсан, эргэлзээ төрүүлсэн, тэнцвэргүй, хуурамч мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээмэл цацагддаг бөгөөд тэр дундаа эмэгтэй улстөрчдийг хүйсээр ялгаварласан, сөргөөр мэдээлсэн постууд их байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр дээр дурдсан шинжүүдийг агуулсан, цахим орчинд түгсэн мэдээллүүдийг манай төвөөс баримтаар шалгасан бөгөөд түгээмэл анзаарагддаг жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй постуудыг нэгтгэн харуулж байна.
АН-аас нэр дэвшигч Т.Пүрэвхатаны талаар түгээсэн хуурамч мэдээлэл
Т.Пүрэвхатан нь 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт АН-аас нэр дэвшсэн ганц эмэгтэй нэр дэвшигч нь байсан бөгөөд цахим орчинд түүний талаар хуурамч мэдээллүүд түгээхдээ эвлүүлэг хийж, “Хятадуудтай газар наймаалдаг эмэгтэй”, “АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй гэр бүлээс гадуурх харилцаатай” гэх мэт агуулгатай тайлбарууд оруулсан.
Тухайн хуурамч мэдээллийн агуулгыг харахад “эмэгтэй улстөрчид эрх мэдэлтэй, баян эрэгтэй хүнээс хараат”, “эмэгтэйчүүд өөрийн хүчээр удирдах албанд очиж чадахгүй” гэх мэт удирдах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдтэй холбон ярьдаг жендэрийн хэвшмэл ойлголтыг ашигласан байгаа юм. Баримт шалгалтын дэлгэрэнгүй тайланг эндээс уншина уу.
МАН-аас нэр дэвшигч Ч.Ундрамын тухай хуурамч мэдээлэл
Ч.Ундрам нь 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн бөгөөд цахим орчинд түүний талаар “Шилэн Цогоо Ундрам хоёрын чат задарлаа. Ард олныг хөдөөний маанагууд гэж доромжилжээ” гэх тайлбартай хуурамч мэдээлэл түгээсэн. Тухайн тойрогт өрсөлдөж буй эмэгтэй нэр дэвшигчийн хаягтай ижил нэртэй хаяг нээж, доромж утгатай чат бичсэн мэтээр хуурамчаар зураг түгээжээ.
- УИХ-ын гишүүн болон олны танил хүний +21 бичлэг тарсан гэх хуурамч мэдээлэл
2024.05.10-нд Ganzaya Khaltar гэх хаягаас “Гишүүн, олны танил хоёр хүний халуухан бичлэг, зураг +21 групп, сүлжээнд тарсан байх юм. Өнөөдөр чинь бөхчүүдийн харш өдөр үү гэлтэй. Азаартаад бүтэлгүйтээд л… Яамаар ч юм дээ за за мэдэхгүй ээ мэдэхгүй мэдэх юм алга” гэх тайлбартай, 2 хүний тэврэлдэж буй зургийг түгээсэн. Боливийн Оруро хотод болсон үйл явдлын хяналтын камерын зургийг Монгол Улсын Их Хурлын гишүүн болон олны танил хүний бичлэг мэтээр төөрөгдүүлж, түгээсэн энэхүү постод хэдийгээр хэн нэгэн гишүүний нэрийг дурдаагүй ч цааш түгээхдээ “УИХ-ын гишүүн Ч.Ундрам, үндэсний бөхийн арслан Б.Орхонбаяр нар байна, мөнгөөр залуу бөхийг тэтгэсэн байна” гэх мэт тайлбараар баяжуулж, олон нийтэд эмэгтэй улстөрчийн нэр хүндийг унагах санаархлаар тархаж байсан юм.
Цахим орчинд түгдэг энэ мэт постууд нь жендэрийн хэвшмэл ойлголтын шинжтэй тул манай улсад хийгдсэн холбогдох судалгаануудаас хүргэе.
Цахим дайралтын тухай контентын судалгааны мэдээлэл
Манай улсад жендэрт суурилсан хэвшмэл ойлголтоос үүдэлтэй цахим дайралт, гутаан доромжлол, сөрөг контентын талаарх судалгааг 2022 онд Г.Ууганцэцэг тэргүүтэй судлаачид хийсэн бөгөөд судалгааны үр дүнгийн тухай Eagle news хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Эмэгтэй улстөрчдийн тухайд хэн нэгэн, аль нэг албан тушаалтантай нэр холбож гутаах нь түгээмэл байсан. Тухайн хүний хувийн ажил, карьерыг өөр хүнтэй хамаатуулж байсан. Харин эрэгтэй улстөрч дээр энэ төрлийн доромжлол огт байдаггүй.” гэж онцолсон байна. Тус судалгааг олон дагагчтай, мэдээллийн сайтуудын пэйжэд нийтлэгдсэн контент дээр анализ хийж, эрэгтэй, эмэгтэй улстөрчдийн төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийж, туршлагыг нь сонсох хэлбэрээр хийжээ. Түүнчлэн, цахим дайралт улстөрчдийн сэтгэл зүй, амьдралын чанарт ямар сөрөг үзүүлдэг талаар судлахад “эмэгтэй улстөрчдийн хувьд, сэтгэл санаагаар унах, сонгосон карьертаа эргэлзэх тохиолдол илэрдэг. Түүнчлэн гэр бүлийн зүгээс ажлаа солихыг шаарддаг гэж хариулж байсан.” гэжээ.
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа-II (2024)
Тус судалгаагаар жендэрийн хэвшмэл үзэл, улс төр дэх эмэгтэйчүүдийг дэмжих байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл, нөлөөлөгч хүчин зүйлс, квот (түр тусгай арга хэмжээ) тогтоох аргын олон нийтийн мэдлэг, хандлага, улс төрийн манлайлагчаас хүлээх хүлээлтийг хандлага, төсөөллийг тодорхойлсон. Энэхүү судалгааны үр дүнг 2021 оны судалгааны үр дүнтэй харьцуулан шинжлэхэд гарсан өөрчлөлтүүдээс онцолъё.
- Чанарын судалгаанд оролцогчдын 50-иас дээш хувь нь боловсрол, эрүүл мэндээс бусад салбарыг эрэгтэй хүн илүү сайн удирдаж чадна гэж үзсэн. Тухайлбал, цэрэг армийн удирдлага, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүнээр эрэгтэй хүн ажиллах нь зүйтэй гэж 70-аас дээш хувь, орон нутгийн удирдлага, хууль тогтоох байгууллагын гишүүн, төлөөлөгч, шүүхийн байгууллагын удирдлага, гадаад харилцааны салбарын удирдлагад эрэгтэй хүн байвал зохино гэж судалгаанд оролцогчдын 50-иас дээш хувь нь үзжээ.
- Хариуцлагатай хандах, бусдыг ойлгож уян хатан байх чанараар судалгаанд оролцсон эмэгтэйчүүд илүүтэй хүйсийн ялгаагүйгээр хүлээн зөвшөөрсөн бол сэтгэн бодох чадварыг эрэгтэйд илүү гэдгийг эрэгтэй, эмэгтэй оролцогчдын аль аль нь зөвшөөрчээ.
- Олон нийт шийдэмгий, тэмцэгч, зоригтой чанарыг улс төрийн манлайлагчаас түлхүү хүлээдэг буюу жендэрийн хэвшмэл үзлээр эрэгтэй улстөрчид илүүтэй хамаарах дүрээр харсаар байна.
- Олон нийт эмэгтэй улстөрчөөс өндөр боловсрол, бусдыг ойлгодог, нийгмийн олон талт асуудлыг шийдэхийн төлөө зүтгэдэг, хүний төлөө, хүмүүнлэг зэрэг чанаруудыг хүлээж байна.
Эмэгтэй нэр дэвшигчийн талаар мэдээлэхдээ хэвшмэл ойлголтоос зайлсхийх 6 алхам
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс боловсруулсан “Сонгуулийг мэдрэмжтэй сурвалжлах нь” редакциудад зориулсан удирдамжид эмэгтэй нэр дэвшигчийн талаар мэдээлэхдээ дараах байдлаар хэвшмэл ойлголтоос сэргийлэхийг зөвлөжээ.
- Хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйтэй, мэргэжлийн байх үүргээ биелүүлэх: Хүний хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, бусдыг гүтгэхгүй байх тухай Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд тусгасан байдаг.
- Эмэгтэйчүүдэд өгсөн нэр хоч доромжилсон, тохуурхсан агуулгатай мэдээ, нийтлэл, аливаа бүтээл гаргахгүй байх
- Эмэгтэй улстөрчдийг сайн эхнэр, ээж мөн эсэхийг чухалчилж үздэг. Иймд, улстөрч эмэгтэйн талаар нийтлэл/нэвтрүүлэг бэлтгэхдээ нэр дэвшигч өөрөө зөвшөөрөөгүй болон шаардлагатай биш л бол гэр бүлийн байдлыг мэдээлэхгүй байх
- Нөлөө бүхий эрчүүдийн дагуул дүрээр гаргахгүй байх
- Эмэгтэй хүнийг царай зүс, бие галбир, өмссөн зүүснээр нь гоочлох, сонжих зэрэг хүйсээр ялгаварласан хандлага гаргахгүй байх
- Хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой ноцтой асуудал гарах бүрд эмэгтэй гишүүд ажлаа хийхгүй байна гэж шүүмжлэх тохиолдол хэвлэл мэдээлэл, цахим орчинд мөн элбэг ажиглагддаг. Энэ нь хүйсээр илт ялгаварласан хэрэг юм. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд эрэгтэй гишүүд ч оролцох ёстой. УИХ-ын эмэгтэй гишүүдийн оролцоотойгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд батлагдсан бөгөөд хүйсээр ялгаварлан шүүмжлэхгүйгээр хуулийн хэрэгжилтийг зохих байгууллагуудаас шаардах нь зүйтэй юм.