2021 оны 11-р сарын 26-нд ДЭМБ-аас коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарыг “Varient of Concern (VOC)” буюу анхааралдаа авах шаардлагатай хувилбар хэмээн зарлаж, Омикрон гэж нэрлэснээс хойш уг шинэ хувилбартай холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархаж эхэлсэн.
📌Тухайлбал “Омикрон шинж тэмдгүүд өмнө нь миний өмнө эмчилж байсан хувилбаруудаас тэс ондоо буюу хэд дахин хөнгөн байсан. Энэ нь булчин өвдөж, ядарч сульдах шинж тэмдэг бүхий хөнгөн хэлбэрийн өвчин юм. Одоогоор бид халдвар авсан хүмүүс амт, үнэрээ алддаггүй болохыг тогтоосон” гэсэн Twitter дэх жиргээ, Facebook-д “Омикроныг ДОХ-той хавсарч, агаараар халдварлана” гэх мэдээлэл болон вакцины үйлчлэлийн талаарх элдэв таамаг зэргийг одоогоор судлагдсан баримтуудын хэмжээнд шалгах шаардлага гарлаа.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Омикрон бусад хувилбаруудаас хэд дахин хөнгөн гэдэг #БАТЛАГДААГҮЙ
✅ Омикроноор хүндээр өвчлөх эсэхийг ДЭМБ тайлбарлахдаа “Одоогоор омикрон нь дельта зэрэг бусад хувилбаруудаас илүү хүнд өвчлүүлнэ гэсэн нотолгоо байхгүй, тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн ч үүнийг омикронтой холбон тайлбарлаж болохгүй. Харин үүнийг тус бүс нутагт нийт халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбож тайлбарлах нь зүйтэй. Одоогоор омикроны шинж тэмдгүүд бусад хувилбаруудаас ямар ялгаатай гэдгийг батлах хангалттай мэдээлэл байхгүй байна. Их сургуулийн оюутнуудын дунд анхны тохиолдол бүртгэгдсэн. Залуу хүмүүс хүндрэх нь харьцангуй бага ч уг хувилбарын хүндрэх эсэхийг мэдэхийн тулд хугацаа хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бүртгэгдээд буй бүх л хувилбарууд эрсдэл өндөр хүмүүст үхлийн аюултай хэвээр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авах нь чухал байна” гэжээ. /Холбоосыг хавсаргав/
📌 Омикроныг анх илрүүлсэн гэх Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн (SAMA) тэргүүн, доктор Анжелик Коцигийн хэлснээр шинэ хувилбараар өвдсөн хүмүүс дунд амт, үнэрээ алдсан хүн байгаагүй бөгөөд харьцангуй хөнгөн шинж тэмдэг ажиглагдсан гэж Reuters, Telegraph зэрэг олон гадны хэвэлүүдэд бичсэн байна. Вакцинд хамрагдаагүй, өндөр настай эсвэл чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүс хүндээр өвдөж магадгүй байгаад санаа зовниж буйгаа Telegraph сонинд яриа өгөхдөө хэлжээ. Гэвч эдгээр мэдээллүүдийг худал болохыг Олон улсын баримт шалгагчдын сүлжээний (IFCN) гишүүн PolitiFact баримт шалгах төв нийтэлжээ. /Холбоосыг хавсаргав/
2. ДЭМБ: Омикроны судалгаа хийгдэж байгаа ч вакцинууд нас барах, хүндрэх эрсдлээс хамгаална гэж үзэх бүрэн үндэслэлтэй
✅ДЭМБ-ын “Гишүүн орнуудад зориулсан Омикроны талаарх техникийн зөвлөгөө, нэн тэргүүнд авах арга хэмжээ” гэсэн эмхэтгэлд “Омикроны рецепторын холбоост спайк уургийн олон мутаци байгаа нь тус хувилбарт эсрэг биетийн дархлаа нөлөөлөхгүй байх өндөр магадлалтайг харуулж байна. Гэвч эсрэг биетийн оролцоогүй, эсээс үүдэлтэй дархлааг урьдчилан таамаглахад илүү хэцүү байдаг. Хүний дархлааны тогтолцооноос омикроны зугтах чадвар хэр гэдэг нь ч одоогоор тодорхойгүй байна. Вакцин хийлгэсний дараа болон халдвар авсны дараа тогтох дархлаанд дарагдахгүй байх магадлалыг илүү нарийн тогтоохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай. Одоо ч судалгаа хийгдэж байгаа бөгөөд дараа дараагийн мэдэгдэлдээ дэлгэрэнгүй үр дүнг хуваалцана. Тодорхойгүй зүйл олон байгаа ч одоо хэрэглэж буй вакцинууд халдвар хүндрэх болон нас барах эрсдэлээс тодорхой хэмжээнд хамгаална гэж үзэх бүрэн үндэслэлтэй“ гэж бичжээ. /Холбоосыг хавсаргав/
3. “Омикрон ДОХ-той хавсарч агаараар халдварлана”, “ДОХ-ын халдвартай өвчтөнөөс үүссэн, эрүүл хүнд халдахгүй” гэх мэдээллүүд #ХУДАЛ
✅2021 оны хоёрдугаар сард Nature сэтгүүлд нийтлэгдсэн “Хүнд хэлбэрийн халдварт өвчний эмчилгээний үед SARS-CoV-2 хувьсах нь” гэх судалгааны нийтлэлд дархлаа султай, ковидоор өвчилснөөс 102 хоногийн дараа нас барсан нэгэн өвчтөний мэдээлэллийг судалжээ. Их Британийн Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн баг 102 хоногийн турш 23 өөр өдөр авсан дээжийн дарааллыг тогтоож, удаан хугацаанд ковидоор өвдсөнөөс дархлаа нь дарангуйлагдсан өвчтөнүүдэд илүү амархан халддаг эсвэл эсрэг биетээс зугтаж чаддаг мутаци үүсч болохыг илрүүлсэн байна.
📌Тэдний судалсан өвчтөн 70 гаруй настай, лимфоцитын хорт хавдрын эсрэг химийн эмчилгээ хийлгэж байжээ. Лимфома нь лимфийн систем буюу биеийн өвчинтэй тэмцэх эсүүдэд үүсдэг хорт хавдар юм.
📌Өвчтөнд эдгэрэлтийг дэмжих цусны сийвэн тарьж эхэлсэн бөгөөд үүний дараа вирус илүү хурдан мутацид орж байгааг ажиглажээ. Судлаачдын үзэж байгаагаар химийн эмчилгээ болон суурь лимфома нь биеийн дархлааны хариу урвалд гол үүрэг гүйцэтгэдэг цусны цагаан эс болох В ба Т эсийн хавсарсан дархлааны хомсдол үүсгэсэн байх магадлалтай.
✅Энэ судалгаанд үндэслэн Германы Дархлаа судлалын нийгэмлэгийн (DGfI) Ерөнхий нарийн бичгийн дарга Карстен Вацел нарын хэсэг эрдэмтэд “ДОХ тусаж дархлаа нь суларсан өвчтөнөөс мутац үүссэн байх магадлалтай” гэх таамгийг дэвшүүлээд байгаа ч энэ нь эцсийн байдлаар батлагдсан гэсэн үг биш юм.
✅Мөн үүнтэй холбоотойгоор “омикроныг ДОХ-той хавсарч, агаараар халдварлана” гэсэн яриа түгсэн нь байх боломжгүй худал мэдээлэл. ДОХ-ын халдвар нь зөвхөн зүү, тариур дамжуулах, халдвар авсан эх хүүхдээ хөхөөр хооллох, цусаар болон бэлгийн замаар халддаг гэдгийг судалж тогтоосон нь хэвээр байгаа бөгөөд НҮБ-ын ХДХВ, ДОХ-ын хамтарсан хөтөлбөрийн сайтаас дэлгэрэнгүй харж болно /Холбоосыг хавсаргав/
4. Халдварлах чадвар дельта хувилбараас 4 эсвэл 500 дахин их #БАТЛАГДААГҮЙ
📌ДЭМБ-ын SARS-CoV-2 буюу Ковидын Өөрчлөлтийг Судлах Техникийн Зөвлөлийн (TAG-VE) зөвлөмжид үндэслэн VOC гэж тодорхойлсон омикрон хувилбарыг анх Ботсвана дахь судлаачид нээсэн. Генийн дараалалыг нь тогтоох явцад бусад хувилбарт ажиглагдаагүй 45‐52 мутаци илэрсэн бөгөөд үүний 26‐32 нь гадна сэртэн буюу спайк уурагт байсан гэж ДЭМБ-ын тайланд бичжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээрийн зарим нь альфа, дельта зэрэг хувилбар шиг халдварлах чадвар өндөр болоход нөлөөлж болзошгүй аж. Гэвч уг хувилбарын тухай батлагдсан, эцсийн дүгнэлт гараагүй бөгөөд судалгаа үргэлжилсээр буй юм.
📌Бернийн Их Сургуулийн Халдварт өвчин судлаач Кристиан Альтаус Twitter хуудсаараа омикроны тухай таамаг дэвшүүлснийг зарим мэдээлэл эх сурвалж болгосон байх магадалтай юм. Тэрээр Өмнөд Африкт омикрон хурдацтай тархаж байгааг дельта хувилбарын халдварлах чадвартай харьцуулж тайлбарлажээ. Үр дүн нь 4 дахин их гэж гарсан байна. Гэвч түүний таамаг маш бага дата, мэдээлэлд тулгуурласныг анхаарах хэрэгтэйг мөн дурджээ. /Холбоосыг хавсаргав/
✅Энэ талаар ДЭМБ-ын зүгээс “Омикрон нь дельта зэрэг бусад хувилбаруудтай харьцуулахад халдварлах чадвар өндөр (хүнээс хүнд амархан халддаг) эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг хувилбар анхлан бүртгэгдсэн Өмнөд Африкийн бүс нутгуудад халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсэн ч омикрон эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалсан эсэхийг тогтоох эпидемиологийн судалгаа хийгдэж байна” гэж мэдэгджээ. /Холбоосыг хавсаргав/
*SARS-CoV-2 Вирусийн Өөрчлөлтийг Судлах Техникийн Зөвлөл (TAG-VE) нь ковидийн хувьслыг тогтмол хянаж, үнэлдэг бие даасан мэргэжилтнүүдийн бүлэг бөгөөд тодорхой мутаци болон мутацийн хослолууд вирусийн зан төлөвийг хэрхэн өөрчилж буйг судалдаг.