“Toxic” гэх нэртэй хаягт 2024.02.08-нд “Анзаараад байхнээ эмэгтэйчүүдээс илүү эрчүүд ямар хэлтэй амтай, хов баздаг, шалчигнуур болчихсон юм бээ” гэх тайлбартай пост нийтэлсэн нь 2024.06.29-ний байдлаар 328 реакц, 39 сэтгэгдэл авч, 63 удаа цааш түгээгджээ.
Тус постод эрэгтэй хүнийг сөргөөр хэлж, шүүмжлэхдээ “эмэгтэйчүүдээс илүү хэл амтай, хов баздаг, шалчигнуур“ гэсэн нь мөн утгаараа эмэгтэйчүүдийг зан байдлаар нь доромжилсон, жендэрийн ялгаварлан гадуурхалтын шинжтэй байна.
Постын агуулгыг шалгахдаа эрэгтэй, эмэгтэй хүний аль нь хов жив их ярьдаг талаар хийсэн судалгаа, мэдээллүүдийг найдвартай эх сурвалжуудаас хайсан ба онцлох үр дүнгүүдийг хүргэе.
Хов живийг гуравдагч этгээдийн тухай хувийн мэдээлэл солилцох гэж тодорхойлдог бөгөөд нас, хүйс, соёл, нийгэм, эдийн засгийн суурь үндэслэлээс давсан, хүмүүсийн дунд түгээмэл байдаг, бараг бүх нийтийн зан үйл юм.
“Хов живийн хувьслыг тайлбарлах нь” судалгаа, 2024
- “Мэрилэндийн их сургууль (UMD) болон Стэнфордын их сургуулийн судлаачдын хийсэн шинэ онолын судалгаа”-гаар хов жив нь нийгмийн бүлгүүдийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдгийг тогтоожээ. Хов ярих зан байдал нь тухайн хүнийг хамтран ажиллахад таатай хүн үү эсвэл хувиа хичээх хандлагатай хүн үү гэдгийг тодорхойлоход тусалдаг гэж болно. Тус судалгаагаар хов жив хэрхэн, яаж хүн төрөлхтөнд ашигтай байж болохыг тодорхойлохын тулд компьютерын загварчлал ашигласан байна.
- Энэхүү судалгааны анхдагч болох Шиньюэ Пан нь магистрын дипломын ажлаа гүйцэтгэж байх үедээ “Нэг хүн өдөрт дунджаар нэг цагийг бусдын тухай ярьж өнгөрөөдөг ба энэ нь бидний өдөр тутмын амьдралаас ихээхэн цагийг хомсолдог”-ийг олж мэджээ. Хүмүүс ихэвчлэн нэр төрөө хамгаалж, цуу ярианд орохоос зайлсхийхийг хүсдэг учраас хов жив их ярьдаг хүнтэй хамтрах магадлал өндөр байдгийг мөн тогтоожээ.
“Өдөр тутмын амьдралд хэн, хэрхэн хов жив ярьдаг вэ?” судалгаа, 2019
- Байгалийн ажиглалтын таван судалгааны мэдээллийг ашиглан хэн, хэрхэн хов жив ярьдгийг судалжээ. Судалгаанд оролцогчдод 2-5 хоногийн турш бичлэгийн төхөөрөмж ашиглан өдөр тутмынх нь 5-12 хувийн дууг хураан авч, хүн ам зүй, хувийн шинж чанарын асуумжийг мөн бөглүүлжээ. Дууг нь бичихдээ хов жив, валент (эерэг, сөрөг, төвийг сахисан), субьект (танил ба алдартнууд), сэдэв (нийгмийн мэдээлэл, гадаад төрх, амжилт) гэсэн хүрээнд дууны файлуудыг хадгалахаар кодолсон байна.
- Ийн судлахад эерэг ба сөрөг хов жив ярихдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил байсан бол төвийг сахисан хов живд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байжээ. Түүнчлэн, залуучууд ахимаг насныхныг бодвол сөрөг хов жив ярих хандлагатай байжээ.
Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль нь илүү хов жив ярьдаг тухай нийтлэл
- Мэдээлэл солилцох тухай асуулгын үр дүнд эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд сөрөг мэдээлэл түгээх хүсэл харьцангуй бага байдгийг “Нийгмийн сорилын сэтгэл зүйн сэтгүүл”-ийн нийтлэлээс эшлэн оруулжээ. Харин эерэг мэдээллийг түгээх, хов жив ярих хандлагад хүйсийн ялгаа бараг байгаагүй аж. Үүнээс гадна, эмэгтэйчүүд мэдээлэл илчлэхдээ илүү сэтгэл ханамжтай байдаг учир тэд эрчүүдээс илүү хов жив ярих хандлагатай байдаг гэсэн дүн гарчээ. Мөн эрэгтэйчүүд бодол санаа, мэдрэмжээ хуваалцах нь илүү оновчтой тохиолдолд ч ил гаргахгүй нуух хандлагатай.
Дүгнэлт
Дээрх судалгаа, нийтлэлүүдээс харахад хов жив ярих нь эерэг, сөрөг, төвийг сахисан шинжтэй байх бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хов ярих хандлага нь ихэнх тохиолдолд ижил байдаг гэж дүгнэж болохоор байна. Хов жив ярихын сөрөг нөлөө, эсвэл ач холбогдолтой байж болох талыг одоогоор бүрэн тогтоогоогүй бөгөөд олон улсад тал бүрийн судалгаа хийж байна. Түүнчлэн, хувь хүний зан төлөв, сэтгэл санаа, мэдрэмжээ илэрхийлэх байдал нь харилцаа, хандлага, ёс зүйтэй холбогддог. Иймээс аливаа сөрөг хандлагыг ярихдаа нэг хүйсэд хамаатуулах эсвэл нэгийг нь давуу авч үзэхгүйгээр тэгш хандаж, хэвшмэл ойлголтоос зайлсхийгээрэй.