2024 оны зургаа дугаар сарын 28-нд Ebarimt.mn зөвлөгөө бүлгэмд Lila Luz хаягаас “Та ХААН банк болон бусад данстай юу, коммент хэсэгт 《тийм》 гэж бичээд 5 минутын дотор 5,000,000 авах 25 хүний тоонд ороорой” гэх тайлбартайгаар 2024 оны сонгуульд 6-р тойрогт нэр дэвшигчидийн зургийг хавсаргажээ. Тус пост нь нийт 49 реакц, 256 сэтгэгдэл авсан.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах
Lila Luz хаяг нь өөрийн мэдээллийг огт оруулаагүй, олон нийтэд нээлттэй пост, зураг, бичлэг огт нийтлээгүй байна. Үргэлжлүүлэн уг нэрээр фэйсбүүкээс хайхад сэтгэгдэл, чат бичээд мөнгө аваарай гэх агуулга бүхий мэдээллийг хэд хэдэн группэд, олон давтамжтай түгээжээ. Тухайлбал, “ХӨВСГӨЛ АВТО ЗАР “, ӨВ ЗАР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАРЫН НЭГДСЭН ГРУПП ,“Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн ХҮРЭЛСҮХийг дэмжигчид” гэх мэт группэд ижил мэдээллийг хэдэн цагийн зайтай оруулсан. Шалгасан хаяг нь нэр дэвшигчдийн зургаас гадна их хэмжээний мөнгөний зураг ашиглан нийтэлжээ. Энэ мэтчилэн олон группэд мөнгө өгнө гэх мэдээллийг удаа дараа түгээсэн. Шалгасан мэдээлэлд ямар шалгуураар мөнгө өгөх, санхүүжилт хаанаас зэрэг нь тодорхойгүй байна. Ижил агуулгатай постыг олон давтамжтай оруулах, мэдээлэл нь тодорхойгүй байх, зөвхөн чат бичих үйлдэлд уриалж, чат бичсэн тохиолдолд мөнгө байршуулахыг асуух, өөр хаягтай холбогдохыг уриалах зэрэг нь залилангийн нэг хэлбэр юм.
Мөн олон нийтийн анхаарал татсан үйл явдалтай холбогдолтой зураг ашиглаж хэрэглэгчдийн анхаарлыг татаж залилан хийж байна. Тиймээс аливаа мөнгө өгнө гэх мэдээлэл түгээсэн хаяг руу орж нягтлах, фэйсбүүкээс хаягийг нэрээр нь хайж өөр ямар төрлийн постыг түлхүү оруулсныг харснаар тухайн хаяг хуурамч мэдээлэлд түгээж буй эсэхийг шалгаарай.