Өндөр цалинтай ажил хийлгэнэ гэх нэрийдлээр залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1025

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“20-70 насны эрэгтэй эмэгтэй байрлаж ажиллах хүсэлтэй хүмүүс дугаараа үлдээнэ үү. Цалин: 4,000,000₮” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ажил хийлгэнэ нэрийдлээр дансанд мөнгө байршуулаад өсгөөд аваарай гэж залилан хийж байна.

2024 оны зургаа дугаар сарын 28-нд “АЖЛЫН ЗАР | АЖИЛД АВНА | АЖИЛД ОРНО | АЖЛЫН БАЙР | АЖИЛ ХАЙЖ БАЙНА | АЖИЛ |” бүлгэмд Munkhtogtokh Dorjdavga  нэртэй хаягаас “20-70 насны эрэгтэй эмэгтэй байрлаж ажиллах хүсэлтэй хүмүүс дугаараа үлдээнэ үү. Цалин: 4,000,000₮” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 25 реакц, 199 сэтгэгдэл авч, 6 удаа цааш түгээгджээ.

Munkhtogtokh Dorjdavga  хаяг нь өөрийн мэдээллийг огт оруулаагүй, олон нийтэд нээлттэй пост, зураг, бичлэг огт нийтлээгүй байна. Үргэлжлүүлэн уг нэрээр фэйсбүүкээс хайхад бусад олон бүлгэмүүдэд өндөр цалинтай ажил гэх агуулга бүхий постыг оруулахаас гадна мөнгө өгнө гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ. Тухайлбал, Ebarimt.mn зөвлөгөө группэд “24 цагийн дараа ч тэр итгэсэн эгчдээ баярлалаа.”ТИЙМ” гэж хэлсэн эхний 50 хүнд ӨНӨӨДӨР 1,500,000 💸 Messages. Одоо эхэл” гэх мэдээллийг түгээжээ. Энэ мэтчилэн олон группэд мөнгө өгнө, өндөр цалинтай ажил хийлгэнэ гэх агуулга бүхий мэдээллийн удаа дараа түгээсэн байна. Мөн шалгасан мэдээлэлд ямар ажил хийх тухай мэдээллийг оруулаагүй, зөвхөн өөр лүү нь чат бичихийг уриалж буй нь залилан байж болзошгүйг харуулж байна.

Шалгасан мэдээллийн дагуу тус хаяг руу чат бичихэд Eegii Eegii гэх хаяг руу чат бичиж мэдээлэл аваарай гэх хариу өглөө.

Зургаар хайх

 Eegii Eegii нэртэй хаяг нь  нүүр зургаас өөр олон нийтэд нээлттэй зураг, пост огт оруулаагүй. Нүүр зургийг нь Google lens хайлтын системээр хайхад Ж.Золзаяа гэх хүний мэдээлэл гарч ирлээ. Шалгасан ашигласан зургийн эх хувилбар нь 2023 оны наймдугаар сарын 1-нд 16 мянган дагагчтай Zolaya Jargalsaikhan гэх хаягт нийтлэгджээ.

Eegii Eegii гэх хаяг руу чат бичиж ямар ажил хийхийг асуухад “дансанд 150,000 төгрөг хийгээд маргааш нь 1,500,000 төгрөг болгож аваарай” гэх хариуг ирүүллээ. Үүнээс харахад шалгасан мэдээлэлд ямар төрлийн ажил, хэдэн цагаар хийх, ямар шаардлагатай зэрэг мэдээллийг огт өгөлгүй хувийн чат бичихийг уриалж, чат бичсэн хүмүүсээс мөнгө авч байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document