2024 оны зургаа дугаар сарын 15-нд Ebarimt.mn зөвлөгөө гэх бүлгэмд Tsedendamba Oyun-Erdene гэх хаягаас “Хаан банк болон бусад данстай хэн бүхэн бидэн рүү 《тийм 》 гэж бичээд хувийн мессежээр 5 минутын дотор хожиж 1,000,000 хожоорой” гэх тайлбартай Л.Оюун-Эрдэнэ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд байх зургийг хавсаргажээ. Тус пост нь нийт 52 реакц, 439 сэтгэгдэл авч, 5 удаа цааш түгээгдсэн.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд ашигласан зургийг Google lens хайлтын системээр хайхад МАН, МҮЭ-ийн холбоотой хамтрах санамж бичиг байгууллаа гэх агуулга бүхий пост, мэдээллүүд илэрлээ. Үргэлжлүүлэн Тус агуулгын хүрээнд хайхад Itoim.mn мэдээллийн сайтад 2024 оны зургаа дугаар сарын 10-нд нийтлэгдсэн мэдээлэлд ижил цаг үед авсан зургийг нийтэлжээ.
Хаяг шалгах
Tsedendamba Oyun-Erdene гэх хаягаас “Ebarimt.mn зөвлөгөө” бүлгэмд олон тооны давтамжтайгаар мөнгө өгнө гэх агуулга бүхий мэдээллийг бусад хүмүүсийн зургийг ашиглан оруулдаг. Мөн Фэйсбүүкээс уг хаягийг нэрээр нь хайхад “Тэтгэвэр тэтгэмж групийнхэн нэгдий”, “Цензургүй ЯРИА”, “ХУУЧИН ТАВИЛГА ХУДАЛДАА СОЛИЛЦОО” зэрэг хэд хэдэн группэд нэг ижил агуулгатай постыг олон давтамжтай түгээжээ.
Tsedendamba Oyun-Erdene хаяг өөрийн мэдээллийг нээлттэй хуваалцаагүй, олон нийтэд нээлттэй пост нийтлээгүй бөгөөд нэг постыг олон группэд давтан оруулж хувийн чат бичихийг уриалсан нь залилангийн шинжтэй байж болзошгүйг илтгэж байна.
Мөнгө өгнө гэх мэдээлэл түгээсэн хаяг руу орж нягтлах, фэйсбүүкээс хаягийг нэрээр нь хайж өөр ямар төрлийн постыг түлхүү оруулсныг харснаар тухайн хаяг хуурамч мэдээлэлд түгээж буй эсэхийг шалгаарай.