“Хилээр эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн тува иргэд орж ирсэн” гэх мэдээллийг ХХЕГ-аас үгүйсгэлээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1022

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Увс аймгийн боомтоор эрүүгийн гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд орж ирсэн гэх мэдээллийг дамжуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

ОХУ-аас орж ирсэн иргэдээс хилийн төлөөлөгчийн шугамаар тогтмол мэдээлэл солилцдог. Таслан срэгийлэх арга хэмжээ авагдсан, эрх нь хязгаарлагдсан арга хэмжээ авагдсан иргэд Монгол Улсын хилээр орж ирээгүй гэж ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх газрын дарга мэдэгдлээ.

“Анхаар: Н.Номтойбаяр маш ноцтой мэдэгдэл хийлээ. Увс аймгийн боомтоор эрүүгийн гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд орж ирсэн. Тэднийг хэн урьж оруулж ирснийг шалгах хэрэгтэй!!!” гэх мэт тайлбартай Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярын хийсэн мэдээллийг хэвлэлүүд дамжуулсан. Тэрээр, “Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэнгүүд болох тува иргэд Монгол Улс руу маш ихээр орж ирэх болсон. Үүнийг хэн зохион байгуулж, хэн урьж, ямар зорилгоор оруулж ирээд байгаа юм бэ. Холбогдох байгууллагынхан яаралтай шалгах ёстойгэжээ.

2024 оны 06 дугаар сарын 27-нд ХХЕГ-ийн дарга хошууч генерал Х.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр “Шалган нэвтрүүлэх албыг хөрш зэргэлдээ орнуудтайгаа нягт хамтран хийдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг цаг тухайд нь солилцож, аль болохоор хөрш зэргэлдээ орон руугаа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилладгаас гадна Монгол Улсдаа ТЕГ, ЦЕГ, ГЕГ, ГИХГ-тай хамтран ажилладаг. Улсын хилийн аюулгүй байдал өөрөө их эмзэг сэдэв. Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хил хамгаалалт аюулгүй байдалтай холбогдолтой аливаа нэгэн мэдээ мэдээлэл нь буруу ташаа байвал улс орон хийгээд олон улсад хор уршигтай. Ийм учраас би өөрөө та бүхэнд мэдээлэл хийж байна. Хэрэв ямар нэг сэжигтэй мэдээлэл ирсэн бол Монгол Улсын иргэн хууль хяналтын байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гээд Шалган нэвтрүүлэх газрын дарга Мижиддорж мэдээллийг үргэлжлүүлжээ.

“Монгол Улсын хилд өнөөгийн байдлаар 24 боомт ажиллаж байна. Монгол, Оросын хилд 10 боомт ажилладаг. Үүнээс хоёр боомт нь Увс аймагт оршдог.  Увс аймгийн Давст сумын нутагт Боршоо боомт, Тэс сумын нутагт Тэс боомт оршдог. Мэдэгдэлд дурдсан Боршоо боомтын хувьд Даваа-Бямба гаригт зургаан өдөр ажилладаг.

Хил хамгаалалтын шуурхай удирдлагын нэгдсэн төвийн мэдээллээс та бүхэн бодит бичлэгийг харж байна. Шалган нэвтрүүлэх ажиллагаа хэвийн. Сардаа тус бомоотор 10 мянга орчим иргэн тогтмол хил нэвтэрдэг. 06 дугаар сарын байдлаар тус боомтоор 5701 иргэн ОХУ-аас орж ирсэн. Одоогийн байдлаар 5332 зорчигч нь буцаж гарсан, 169 иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байна.

ОХУ-аас орж ирсэн иргэдээс хилийн төлөөлөгчийн шугамаар тогтмол мэдээлэл солилцдог. Таслан срэгийлэх арга хэмжээ авагдсан, эрх нь хязгаарлагдсан арга хэмжээ авагдсан иргэд Монгол Улсын хилээр орж ирээгүй.  Монгол Улсад орохыг хориглосон, албадан гаргасан иргэдийн судалгааг тогтмол хянаж байдаг. Энэ мөчид нарийвчилсан судалгаа цаг минутын алдагдалгүй гардаг. Монгол Улсын хилээр үл нэвтрэх иргэн хил нэвтрэх тохиолдолд дэлгэц дээр дохиолол өгдөг, энэ тохиолдолд мэргэжлийн удирдлагаар хангаж, газар дээр нь шийдвэрлэдэг. Одоогоор Боршоо боомтоор ОХУ-ын Тувагаас эрүүгийн гэмт хэрэгтэн орж ирсэн нөхцөл байдал тогтоогдоогүй” гэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

ХХЕГ-ийн дарга хошууч генерал Х.Лхагвасүрэнгийн өгсөн мэдээлэл

 

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document