“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг УДШ-д шоронгоос бичсэн захидал” гэх мэдээлэл худал 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1019

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ЭТТ”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн шоронгоос бичсэн захидал ил боллоо” гэсэн мэдээлэл оруулужээ

Баримт шалгалтын үр дүн

“ЭТТ”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн шоронгоос бичсэн захидал ил боллоо” гэх мэдээлэл худал бөгөөд түүнийг ямар нэгэн захидал, өргөдлийн зүйл бичээгүй гэдгийг өмгөөлөгч Э.Шинэцэцэг мэдэгдсэн байна.

 

2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Tsogtsaikhan Gombosuren гэх хаягаас “ЭТТ”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн шоронгоос бичсэн захидал ил боллоо” гэж нийтэлсэн байна.

Тус захидалд –Хэн, хэнд санхүү өгч байснаа илчилжээ- гээд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүхээс 5,9 жилийн хорих ял аваад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрээр шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн давж заалдсан билээ. Одоо хүртэл давж заалдах шүүх хурал нь болохгүй байгааг бухимдан Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гаргасан Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна” гээд захидлын агуулгыг оруулжээ. 

“Эрхэм шүүгч нар аа, Баттулга овогтой Ганхуяг 2022 оны 12 сарын 08-ний өдрөөс эхлэн 461-р ангид завсаргүй сууж байгаа билээ. Миний бие 2024 оны 1-р сарын 30 –нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 5,9 жилийн хорих ял авсан байдаг. Энэ үеэс эхлэн тамын хаалга нээгдэж гарах гарцаа олж хараагүй л явна. Баримжаа авахын тулд Хяналтын шатанд гомдол гаргасан ч одоо хүртэл шийдвэр, тогтоол нь гардаггүй. Уулзалт эргэлт байхгүй байсаар л байна. Хүүхэд байхдаа “Монте Кристо гүн” гэдэг роман уншиж байсан ч санаанд буух юм. 

Гэм зэмгүй Эдмон Дантес гэдэг залуус Иф цайзад хийгээд 14 жил мартчихдаг шиг. Намайг сэтгүүлч, сурвалжлагчтай уулзахыг тас хориглодог. Олон нийтэд нүүр царайгаа харуулах эрхгүй. Францын 14 Луй хааны үеийн Төмөр багтай хоригдол шиг намайг олноос нууцласаар. УИХ-ын “Нүүрсний сонсгол”-ын үеэр намайг гэрчээр оруулах гэж С.Ганбаатар тэргүүтэй улс төрчид хийгээд олон нийт шаардсан ч хүчин мөхөсдсөн. Миний бие тэсрэх бөмбөг мэт Ерөнхий сайд хүртэл айж цочсон байдаг юм. Намайг 44 наядыг хулгайлсан гэж ярьдаг, бичдэг. Гэтэл нотлосон зүйл байхгүй ч ялласан нь инээдэмтэй. Анх “Шударга-5” гэдэг манай компани санхүүжүүлж талбай дүүрэн иргэд гэр, хоол хүнсэнд 15 их наядыг гаргаж байв. 

Тэр “Нүүрсний” мөнгөөр өнөөгийн эрх мэдэлтнүүд “од”-ууд гарч ирсэн түүхтэй. Үүнийг Л. Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү. Дараа нь миний бие 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөнгийг бүхлээр нь даасан. Портер портер мөнгө хилээр оруулж ирсэн түүхийг Д.Амарбаясгалан шуудайлж байсан даа. Миний бие “Шударга 5”-ыг тагнуулд цуг яваа, өөрсдийн хүн гэж найдаж байсан. Тийм учраас тэдний хүссэн хэмжээний мөнгө, санхүүжилтыг гаргаж өгч байсан. Гэтэл манай нөхөд “Гэрчийг устга” гэдэг андыгаа хар нүх рүү чулуудчихаад тайван амар сонгуульдаж явна. Миний гол алдаа бол Засгийн газартай нэг завин дээр цуг яваа гэж итгэсэн явдал юм. Бас “Наад ажлаа өг. Засгийн газрын гишүүн бол” гэхэд зөвшөөрөөгүй явдал юм. Ингээд намайг өмөөрсөн Т.Аюурсайхантайгаа цуг харанхуй руу шидэгдээд хана ширтээд сууж байна. Тэр 44 наяд гэсэн тоог надаас бус Засгийн газраас, МАН-аас асуух хэрэгтэй. Намын санхүүгийн алба шиг ажилласан гэм буруу байгаа болохоос өөрөө хумсалсан зүйл үгүй. 

Нэгэн үе “Миний уурхай, миний өмч” гэж сагсуурч харамлаж хаацайлж явсан үе надад бий. “Цаашдаа зөндөө дуулна шүү дээ, уйлна шүү” гэдэг шиг МАН-ын сонгуулийн ялалтууд миний оруулсан хувь нэмэр асар их. Бараг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хүчээр УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан юм шүү. Түүнээс биш Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар агуудаа, Харвардын хулхи сертификаттай нөхдүүд ялаагүй юм шүү гэдгийг хэлъе. Эрхэм дарга нарт сануулах үүднээс ганц жишээ бичлээ. Та нарыг карьер, хязгааргүй эрх мэдэлд цэг тавих “Нүүрсний хулгай”-н маш урт жагсаалт бий шүү гэдгийг найз нартаа дуулгая. Миний энэхүү ил захидлыг эрх баригчид унших учраас тодорхой баримт жишээ дурдахын ялдамд давж заалдах шүүх хурлыг түргэвчлэхийг хичээнгүйлэн хүсье. Жич: Миний гэр бүлийн гишүүдийн амь нас аюулд учрах аваас эрх баригчтай холбоотой гэдгийг урьдчилан анхааруулья. Б.Ганхуяг” гэжээ. 

Бид дараах байдлаар шалгалт хийлээ:

Энэ талаар  хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн байна. Б.Ганхуягийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг “Миний үйлчлүүлэгч Б.Ганхуяг нь хэн нэгэн этгээдэд хандаж ямар нэгэн өргөдөл, ил захидал илгээгээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ нийтэлсэн захидлын хувьд 2023 оны 12 дугаар сард ХЭҮК-т гаргасан захидлын зургийг ашиглан Улсын дээд шүүхэд захидал илгээсэн мэтээр худал мэдээлэл сайтуудад нийтлэгдэж байна. Сонгуультай холбоотойгоор ийм төрлийн худал мэдээлэл гаргаж буйд харамсаж байна. Худал мэдээлэл түгээх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс бид уг худал мэдээллийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байна. Мөн сайтуудад шаардлага хүргүүлж, залруулга хийхийг санал болгосон” гэжээ.

Өмгөөлөгчийн мэдээлснээр уг постоос түлхүүр үг болох “Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гаргасан Ил захидлыг…” гэсэн үгийг site:zuv.mn” гэж бичээд Google-ээс хайхад Zuv.mn сайтын илэрц гарч ирэх ч нэвтрэх боломжгүй устгасан байна.

Шалгасан нийтлэлд хавсаргасан зураг нь 2023 оны арванхоёр дугаар сард Хүний Эрхийн Үндэсний Комисст хандсан захидлын зураг байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document