2024 оны 06 дугаар сарын 28-нд Пүрэвбаатар Дашпүрэв нэртэй хэрэглэгч “Чингэлтэй дүүрэгт ийм юм болж байна гэх юм !!!” гэсэн тайлбартай, сонгуулийн хэсгийн хорооны ажилтан санал өгч буй хүний бүхээгийг давж харж байгаа зураг нийтэлсэн байна.
Тус мэдээллийн дагуу isee.mn сайтын сурвалжлах баг очиж мэдээлэл авсан. Мэдээлэлд, ЧД-ийн 7-р хорооны хэсгийн хорооны дарга С.Нямжаргал бичиг үсэг мэдэхгүй хүнд санал хэрхэн бөглөх талаар хэлж өгөөд холдсон гэх тайлбарыг өгч байна. Тухайлбал, бичлэгийн 22:30 секундээс эхлэх уг тайлбарт “Энэ зурагт байгаа хүн бичиг үсгийн чадваргүй, асран хамгаалагчгүй хүн байсан. Тэгээд би ажиглагч нарт Энэ хүн бичиг үсгийн чадваргүй байна, тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж хэлэхэд бүх ажиглагч зөвшөөрсөн. Тэгээд би очоод 6 нэр дэвшигч, нэг нам дугуйлна гэж л хэлсэн, өөр юм байхгүй. Итгэмжлэгдсэн ажилтан байхгүй гэсэн. Нэгэнт орж ирээд хурууны хээгээ уншуулсан бол эргээд гарах нөхцөлгүй” гэж ярьжээ.
СЕХ-ноос өгсөн 17:00 цагийн мэдээлэлд СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ талаарх сэтгүүлчийн асуултад “Санал тэмдэглэх зааварчилгаа өгч байхад зураг дарсан байна лээ. Хяналтын камер ажиллаж байгаа тул ухрааж үзэх боломжтой” гэжээ.
Бид СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авсан юм.
- MFCC: – ЧД-ийн 7-р хороо дахь сонуулийн хэсгийн хорооны ахлагч “Сонгогч хуруугаа уншуулсан бол эргээд гарах нөхцөлгүй” гэсэн нь хуулийн ямар зохицуулалтыг хэлж байгаа вэ?
- Д.Бат-Эрдэнэ: – Сонгогч хурууны хээгээ уншуулж ороод, саналаа өгөхгүй гарч ч болно. Энэ нь ирцэд бүртгэгдээд, санал тоолох үед “нэр дэвшигчид санал өгөөгүй” гээд тоологдоод явна. Тухайн хэсгийн хорооны зургийг харсан. Энэ асуудалд гомдол гаргаад, тэр нь зөрчлийн шинжтэй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- MFCC: – Хэсгийн хорооны даргын ярьж байгаагаар, хэрвээ бичиг үсэг мэдэхгүй хүнд 6 нэр дэвшигч болон 1 нам дугуйлна гэж хэлээд холдсон бол тэр сонгогч нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг яаж мэдэж саналаа өгсөн байх вэ. Ямар нэг байдлаар зааж өгсөн байж л бичиг үсэг мэдэхгүй хүн дугуйг олж будах байх даа?
- Д.Бат-Эрдэнэ: -Энэ тохиолдолд хэрэв тэр хүн саналаа заавраар өгсөн гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 79-д заасан байгаа. Энэ нь юу гэхээр “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх” тохиолдолд буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүү буюу нэг саналын зөрүүтэй байх үед тэр сонгогчийн саналыг дахин өгүүлэх боломжтой. Харин ийм зөрүү гараагүй бол Зөрчлийн хуулиар хариуцлагаа хүлээгээд явна”
Зөрчлийн тухай хуулийн 17.1-д Сонгуулийн хуулийг зөрчих үед хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн. Үүнд, “17.1.29.Нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан итгэмжилсэн иргэний үүргийг гүйцэтгэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Бичиг үсэг мэдэхгүй сонгогч хэрхэн саналаа өгөх вэ?
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн:
66.9-д .Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно” гээд энэхүү итгэмжлэгдсэн хүн нь “Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн иргэн байж болохгүй” гэжээ.
Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66.11-д “Хэсгийн хороо санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, сонгогчийн саналаа нууцаар өгөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг таслан зогсоох арга хэмжээ авна” гэж заасан.
Мөн 66.15-д “Сонгогч саналын хуудаст саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ хуулийн 66.9-д заасан итгэмжилсэн иргэнд энэ хэсэг хамаарахгүй” гэжээ.
“Итгэмжилсэн хүн” гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг хэлнэ гэдгийг хуулийн 3.1.5-д заасан байна.