2024 оны 06 дугаар сарын 25-нд Бат-Эрдэнийн Даваасүрэн нэртэй хаягаас “Өө хөө. Манай намын 2. Овоо бурзайсан бн ш дээ. Пашийжээ. 8 жил гудамжинд байсан Ардчилсан намынхнаас 2 нь ч гэсэн сайн л яваа юм бн даа” гэсэн тайлбартай, Төрийн банкны орлогын мэдүүлэгт 1.3 тэрбум төгрөгийн “МАН пр төлбөр” гэсэн утгаар Хишигбаатарын Алтанхуяг нэртэй харилцагч руу хийсэн мэт харагдахаар эвлүүлсэн зургийн хамт оруулжээ.
Төрийн банкнаас мэдээллийг няцааж мэдэгдэл гаргажээ.
06 дугаар сарын 25-нд Төрийн банкны албан ёсны хуудаст “Олон нийтийн сүлжээнд тархаад буй 2024.05.18-ны өдрийн “Төрийн банкны орлогын мэдүүлэг”-ийн баримт нь хуурамч бөгөөд манай банкаар ийм гүйлгээ хийгдээгүй болохыг мэдэгдэж байна. Банкны зүгээс тус төлбөрийн баримттай холбоотой, ташаа мэдээлэл түгээсэн асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно” гэжээ.
Мэдээлэлд хавсаргасан Төрийн банкны баримтыг шинжлэхэд:
- Дансны дугаар нь ямар ч банкных биш
- Банкны тэмдэглэгээний код байхгүй
- Гүйлгээний утга болон гарын үсгийн хэв, ашигласан балны өнгө зөрүүтэй байна.
Дэлгэрүүлбэл,
- Шалгасан мэдээлэлд хавсаргасан баримт дээр 52121008191 гэсэн данс руу 1.3 тэрбум төгрөг хийсэн мэтээр тэмдэглэсэн байна. Гэхдээ орлогын баримтын “Дансны дугаар” хэсэгт Төрийн банкны 104900076550 тоот данс байна. Энэ нь Х.Алтанхуяг гэх хэрэглэгчийнх биш, Уянга Батхүү гэх хэрэглэгчийн данс байна.
- Банкны салбарт биеэр очиж гүйлгээ хийж, баримт авах тохиолдол нь ихэвчлэн бэлэн мөнгө авах, тушаах зорилготой байдаг. Баримт дээрх дэвсгэртийн тоо болон гүйлгээг кодолсон тэмдэглэгээ байхгүй байна. Жишээ нь орлого хийх үед гүйлгээний төрөл хэсэгт “1010 Депозит – бэлэн орлого хийх” гэх утгаар кодолдог.