2024 оны 06 дугаар сарын 26-нд Zorigoo Magsarjav нэртэй хаягаас “Судалгаагаар Улаан өнгө 65%” гэсэн пост оруулсан байна. Мэдээлэлд хаанаас явуулсан, ямар судалгаа болохыг дурдаагүйгээс гадна аль нэг намын нэрийг оруулаагүй ч, контекст буюу илэрхийлэх санаа нь сонгуульд өрсөлдөгч МАН-ыг илэрхийлэх өнгө гэж олон нийтэд ойлгогдох, ардчилсан сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого болох эрсдэлтэй.
Үүнийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон. Тухайлбал, 48 дугаар зүйлд Хууль бус сурталчилгааг хориглох талаар заасан бөгөөд 48.1.7-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх”-ийг хориглоно гэжээ.
Тиймээс сонгуулийн дүн гарахаас өмнө чансаа тогтоосон талаарх мэдээлэл оруулж, хууль зөрчихгүй байхыг хүсье.