Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн дүнг дахин нягталж, гараар тоолно

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1013

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хар машиныг иргэд үзэн ядах боллоо” гэсэн тамгатай, “Хар машинд саналаа өгөхгүй ээ. Энэ луйврын кодлогдсон хар машинд бид 4, 4 жилээр өөрсдийн шударга үнэнээр өгсөн саналаа хулгайлуулж байгаа билээ.” гэх агуулга бүхий бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Dominion Voting Systems компанийн сонгуулийн санал тоолдог хар машины программд нэвтэрч, задалж, судалж, тодорхой хэсэгт өөрчлөлт оруулсан бол /хакердсан бол/ энэхүү гэрээг цуцалж, манай улсын зөрчлийн талаар олон улсад мэдээлэх зохицуулалттай аж. Одоогоор ийм зөрчил гараагүй байна. Харин санал тоолох төхөөрөмжийн талаар хуурамч мэдээлэл түгээсэн Fox News мэдээллийн агентлагийг Dominion Voting Systems компани шүүхэд өгч, нэр хүндэд халдсаны нөхөн төлбөр гаргуулсан байна.

2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Monnews гэх нэртэй Фейсбүүк пэйжээс “Хар машиныг иргэд үзэн ядах боллоо” гэсэн тамгатай бичлэг түгээсэн нь 1100 гаруй реакц, 231 сэтгэгдэл авч, 3000 гаруй удаа цааш түгээгджээ. Уг бичлэгт нэгэн эмэгтэй ярихдаа “Хар машинд саналаа өгөхгүй ээ. Энэ луйврын кодлогдсон хар машинд бид 4, 4 жилээр өөрсдийн шударга үнэнээр өгсөн саналаа хулгайлуулж байгаа билээ. Зарим хүмүүс хар машинаар тоолсон, гараар тоолсон яг ижилхэн гэж ярьдаг юм билээ. Би өөрийн нүдээр харж байсан. Өнгөрсөн сонгуулиар СХД-т 30 хүн оруулахад 6 хүнийх гарч ирээд, 24 хүний санал үгүй болж байсныг өөрийн нүдээр харж байсан, хар машиныг хэрхэн яаж луйвар хийдгийг мэддэг болохоор энэ хар машинд төгсгөл тавьж Монголын ард түмэн тэмцэх цаг болсон…” гэжээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд санал тоолох төхөөрөмжийн гарсан үр дүнг баталгаажуулах үүднээс нэг бүрчлэн гараар тоолох заалт оруулж өгсөн.

71.15.энэ хуулийн 71.5-д заасан ажиллагааг гүйцэтгэж дуусмагц санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолно.

Санал тоолох, дүнг мэдээлэх ажиллагааг хуульд тодорхой зааж өгсөн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнг дахин баталгаажуулах үүднээс бүх хэсгийн хороод гараар тоолохыг хуулийн 71.14, 71.15-д заажээ.

Бичлэгт ярьж буй эмэгтэйн хэлсэнчлэн “Өнгөрсөн сонгуулиар СХД-т саналын тоо зөрсөн” гэх зөрчил гарч байсан эсэхийг СЕХ болон мэдээллийн сайтуудаас хайхад илэрцгүй байна.

Бид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түгсэн сонгуулийн санал тоолох машины талаарх мэдээлэлд баримт шалгалт хийсэн

Сонгуулийн өмнө санал тоолдог хар машины талаарх хуурамч мэдээлэл түгээх нь зөвхөн манай улсад ч бус, олон улсад түгээмэл үзэгдэл байна. Бид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал тоолох машины программыг хакердсан гэх мэдээлэлд баримт шалгалт хийж, санал тоолох машиныг үйлдвэрлэч Dominion Voting Systems компаниас албан имэйлээр хариу авч байв.

Бид Dominion Voting Systems компаниас Монголын СЕХ программ өөрчлөх боломжтой эсэх, эсвэл машинд USB залгаж саналын тоо уншуулах боломжтой эсэх зэргийг асуусан ба БОЛОМЖГҮЙ гэх хариултыг тус компанийн Олон улсын бизнес хариуцсан захирал Даллас Ньюби хариу ирүүлсэн юм.

Мөн баримт шалгалтад, “Хэрэв монгол залуус программд нэвтэрч, задалж, судалж, тодорхой хэсэгт өөрчлөлт оруулсан бол /хакердсан бол/ энэхүү гэрээг цуцалж, манай улсын зөрчлийн талаар олон улсад мэдээлэх зохицуулалттай байсан. Dominion Voting Systems компанийн программ хангамжийг задалж, өөрчлөлт оруулсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй” гэсэн байна. Баримт шалгалтыг энд дарж дэлгэрүүлж уншаарай.

2021 онд Dominion Voting Systems компани сонгуулийн санал тоолдог төхөөрөмжийн талаар хуурамч мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан хэргээр Fox News-ийг шүүхэд өгч, ялжээ

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сонгуулийн санал тоолдог машины компани болох Dominion Voting Systems нь мэдээллийн суваг Fox News суваг нэвтрүүлэгт уригдсан зочдодоо компанийн болон сонгуулийн санал тоолох машины талаар хуурамч мэдээлэл тараах боломжийг олгож, нэр хүндэд нь халдсан гэж 1.6 тэрбум ам.долларыг нэхэмжилж шүүхэд ханджээ.

Шүүхийн процесс 2023 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Делавэр мужийн дээд шүүх “2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан Dominion Voting Systems компанийн талаарх мэдээллүүд дунд үнэн зүйл байхгүй” гэж дүгнэжээ.

Иймд Fox News болон Dominion Voting Systems нар тохиролцож, Fox News нэр хүндэд халдсаны нөхөн төлбөр болох 787.5 сая ам.долларыг Dominion Voting Systems-д өгөхөөр болсон. Мөн шүүх хурлын мэдэгдэл дээрээ Fox NewsDominion Voting Systems компанийн талаар гарсан мэдээллүүд хуурамч байсныг шүүх тогтоосныг бид хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгджээ.

Дүгнээд хэлбэл, сонгуулийн санал тоолдог хар машины талаар хуурамч мэдээлэл тарааж, хүмүүсийг санал тоолдог машинд итгэх итгэлгүй болгох нь сонгуулиа өгөх идэвхийг багасгаж, ирцийг бууруулах сөрөг үр дагавартай. Иймд та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document