2024 оны 06 дугаар сарын 26-нд Tuul Tuul нэртэй хаягаас “Шилэн Цогоо Ундрам хоёрын чат задарлаа. Ард олныг хөдөөний маанагууд гэж доромжилжээ” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь 161 реакц, 51 сэтгэгдэл авч, 742 удаа цааш түгээгдсэн байна.
Бичлэгт Facebook-ийн Батчулууны Цогтгэрэл гэсэн хаягийн нүүр хуудсыг харуулах ба Чинбатын Ундрам гэх хаяг руу бичсэн чатны дүрс гарч байна. Чатны харуулсан хэсэгт нь Чинбатын Ундрам нэртэй хаягаас “Чи ярьж өгөөгүй бол энэ хөдөөний маанагууд нь цугларч өгөхгүй зовоохоор байлаа” гэж бичсэн байна.
Дараах байдлаар шалгалаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.10-д “Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-д заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана” гэж заасан.
39.1 дэх заалт нь: “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасан.
Тиймээс нэр дэвшигчдийн албан ёсны хаягууд хаагдсан байх ёстой энэ үед Батчулууны Цогтгэрэл нэрээр хайж үзэхэд бичлэгт гарч буй хаяг нээлттэй байна.
Тус хаяг нь 2024 оны 06 дугаар сарын 24-нд нүүр, хавтасны зургуудаа оруулснаас өөр нээлттэй тохиргоотой пост оруулаагүй байна.
Мөн эдгээр нэр дэвшигчид нэг тойрогт дэвшиж байгаа тул уулзалтуудад хамтдаа оролцож явсан байна. Харин чатанд тусдаа уулзалт хийсэн мэтээр ойлгогдох мэдээлэл оруулсан нь эргэлзэх нэг шалтгаан юм.
Хаягийн бодит байдлыг линкээр нь шалгаарай
Батчулууны Цогтгэрэл нэртэй хаягийн URL нь https://www.facebook.com/profile.php?id=100081585324642 буюу автоматаар олгодог код байна.
Харин нэр дэвшигч Б.Цогтгэрэлийн хаяг нь https://www.facebook.com/tsoglion/ буюу өөрөө сонгож оруулсан үгээр байна. Энэ хаягийг хуулийн дагуу түр хаасан байна.
Хүмүүс өөрийн хэрэглэдэг хаягаа ихэвчлэн овог, нэр, зохиосон үг зэргээр нээсэн байдаг. Тэр үг нь хаягийн холбоос дээр байдаг. Харин автоматаар нээсэн хаягуудын линк нь кодоор илэрхийлэх нь түгээмэл.
Ч.Ундрам гишүүний ажлын албанаас мэдэгдэл гаргажээ
Мөн Ч.Ундрам гишүүний ажлын албанаас мэдэгдэл гаргаж, хуурамч хаягаар чаталсан мэт мэдээлэл түгээж байгааг анхааруулсан байна.
Чинбатын Ундрам гишүүний хаяг нь Мета компанийн баталгаажуулалт цэнхэр тэмдэгтэй, мөн 55 мянган дагагчтай пэйж байна.