Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтоор хүмүүжүүлбэл урт хугацаандаа сөрөг нөлөөтэй 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1011

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цахим орчинд түгдэг “охиндоо захих үгс”, “хүүдээ захих үгс” зэрэг пост оруулдаг. Эдгээр нь жендэрийн хэвшмэл ойлголтыг хэрхэн дэврээдэг болон ямар сөрөг үр дагавартайг судаллаа.

Баримт шалгалтын үр дүн

Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтын дагуу хүмүүжүүлэх нь урт хугацааны нөлөө болж үлддэг байна. Нөгөөтэйгүүр, хэрэв хүүхдүүдийг чадвараас нь илүүтэйгээр хүйсээс хамаарч хүмүүжүүлбэл авьяас чадвар нь дэмий үрэгдэж, хувь хүний онцлог нь буурах, амьдралын хэв маяг, ажил мэргэжил нь албан шахалт, дарамтад орох буюу өөрийнхөөрөө амьдарч чадахгүй болж цаашлаад сайн сайхан байдалд нь нөлөөлөх магадлалтай болдог.

“Эрүүл мэндээ хайрладаг хүн бүрт зориулав” нэртэй фэйсбүүк хаягт 2024.01.06-нд нийтэлсэн “Бүх охидод – Ээжийн 10 захиас” гэх тайлбартай пост болон Сб.Маа” хаягт оруулсан “ХҮҮДЭЭ ХЭЛЭХ ҮГ” хэмээх постын агуулгыг авч үзэв.  

“Бүх охидод – Ээжийн 10 захиас” пост: Охин минь “1. Өглөө их унтдаг хүнтэй битгий гэрлээрэй. Өглөө залхуурдаг хүн үдээс хойш хичээнгүй болно гэж байхгүй 2.Гүзээтэй хүнтэй битгий гэрлээрэй. Өөртөө анхаарал тавьдаггүй хүн гэр бүлдээ анхаарал тавьж хариуцлагатай хандаж чадахгүй л болов уу 3. Эд зүйлсээ шидэлдэг хүнтэй битгий гэрлээрэй. Сүүлдээ хүнийг ч авч шиддэг болдог юм. 4.Эцэг, эхтэйгээ ширүүн харьцдаг хүнтэй битгий гэрлээрэй. Эцэг эхтэйгээ тэгж харьцаж байгаа юм чинь чамтай ч бас удахгүй тэгж л харьцах болно. 5.Удаан хөдөлгөөнтэй хүнээс сэрэмжлээрэй. Чамд амьдарлаа даатгаад сууж байж ч мэднэ шүү. 6.Найз нөхдийнхөө хажууд зэмлэх дуртай хүнтэй битгий гэрлээрэй. Хөнгөхөн шалтгаанаар амархан салчихаж мэднэ 7.Хүн болгонд саймширдаг хүнээс болгоомжлоорой. Таарамжгүй харилцаанаас болж шаналж мэднэ 8.Түрүүлж холбоо барьдаггүй хүнтэй битгий гэрлээрэй. Хайр дуудаагүй байхад л өөрөө хайгаад ирдэг юм 9.Бүрэн сэтгэлд хүрээгүй хүнтэй битгий гэрлээрэй. Энэ хүн л биш бол амьдарч чадахгүй гэж бодон байсан хүнээсээ ч салдаг юм 10. Амжилтанд хүрсэн хүнд битгий их найдаарай. Нэг ч удаа алдаж үзээгүй хүн амьдарлыг дэндүү амархан гэж боддог гэсэн үг. Охин минь Сайхан сэтгэлтэй хүнтэй гэрлээрэй. Чамайг өлсгөхгүй, хааяа цэцэг бэлэглэдэг. Халуун кофе атгаад эхнэрээ хүлээдэг тийм л хүнтэй гэрлээрэй” гэж дурджээ. “ХҮҮДЭЭ ХЭЛЭХ ҮГ” пост: “Хоол цай нь хурдан болдог, бас ямар ч хоолыг амттай хийдэг, хийснийхээ дараа гал тогоо нь дэлбэрчихсэн юм шиг байдаггүй тийм л бүсгүйг эхнэрээ болгоорой миний хүү. Сайхан хоол болж байх хооронд гал тогоонд дэлгэгдсэн бүхэн буцаад байр байрандаа орж байх ёстой юм шүү дээ уг нь бол. Аяга хоолоо залхууран, уурлан байж зуурах эмэгтэйгээс “агуу сайхан зүйл” хүлээх хэрэггүй. Нэгэнт өөрөө ч бас идэх хоолоо уурлан, залхууран байж хийдэг тийм эмэгтэйгээс хол яваарай. Өөрийн ходоодыг хайрладаггүй эмэгтэй, гэр бүлийнхээ төлөө ихийг хийх ухаан, сэтгэл байхгүй ээ. Ямар ч эмэгтэй хүн их бага хэмжээгээр гал тогооны өрөөнд амьдралынхаа нэжгээд цагийг өнгөрөөх болдог нь амьдралын бичигдээгүй жам, хууль юм. Гараас нь юм гардаггүй хүний сэтгэлээс юу ч хараад нас үл гүйцнэ хүү минь.” 

Жендэрийн хэвшмэл ойлголт нь улс төр, эдийн засаг, гэр бүл, нийгэм, соёлын харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүйсээс хамаарч, хүнд аливаа дүр, үүрэг хариуцлага оногдуулж түүнийг бичигдээгүй стандарт мэт баримтлах хэрэгтэй мэтээр уламжлагдаж, хэвшсэн ялгаатай ойлголт, хандлага юм. 

Охин, хүү хэмээн хүйсээр ялгавартай хандсан эдгээр постод гэр бүл, нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст оноодог дүр, тэгш бус үүргээс шалтгаалдаг жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагууд багтжээ. 

  • Тухайлбал, “Ээжийн 10 захиас” пост нь “Охин минь сайхан сэтгэлтэй хүнтэй гэрлээрэй. Чамайг өлсгөхгүй, хааяа цэцэг бэлэглэдэг. Халуун кофе атгаад эхнэрээ хүлээдэг тийм л хүнтэй гэрлээрэй” гэсэн ерөнхий агуулгатай байгаа нь “Эмэгтэй хүн сайн хүнтэй суувал жаргадаг. Эрэгтэй хүн гэр бүлээ тэжээх хэрэгтэй, амьдралын хэрэгцээгээр хангах хэрэгтэй. Эрэгтэй хүн  эмэгтэйдээ цэцэг, бэлэг өгч,  хүлээж, үргэлж баярлуулах хэрэгтэй” зэрэг хэвшмэл ойлголтыг илтгэж байна. Түүнчлэн, эмэгтэй хүн мөнгө сайн олдог хүнтэй сууж, эрхэлж амьдрах хэрэгтэй гэх хандлага ч элбэг байдаг. 
  • “Хүүдээ хэлэх үг” пост нь “Ямар ч эмэгтэй хүн их бага хэмжээгээр гал тогооны өрөөнд амьдралынхаа нэжгээд цагийг өнгөрөөх болдог нь амьдралын бичигдээгүй жам, хууль юм. Гараас нь юм гардаггүй хүний сэтгэлээс юу ч хараад нас үл гүйцнэ хүү минь” гэсэн ерөнхий агуулгатай байгаа нь “Эмэгтэй хүн л хоол хийж гал тогоондоо ихэнх цагийг өнгөрөөх хэрэгтэй. Гэр ахуйн бараа бол эмэгтэйчүүдийн хамгийн их ашигладаг зүйлс, эр хүн хоол, цай сайтай хүнтэй суувал алзахгүй. Эр хүнийг ходоодоор нь татдаг” гэх мэт хэвшмэл ойлголтын нэгэн илрэл болж байна.  

Эндээс харахад эмэгтэй хүнд оноодог хэвшмэл дүр нь ихэвчлэн цэвэр цэмцгэр байх, гэрээ сайн цэвэрлэх, хоол сайн хийдэг байх, хүүхдээ харах ёстой гэх мэт ахуй, асрахуйн ажилтай холбогддог бол эрэгтэй хүнийг эсрэгээрээ өдөр тутмын ахуйн амьдралтай зууралдахгүй, ажлаа сайн хийж, мөнгө сайн олж, гэр бүлээ тэжээх хэрэгтэй, хатуу чанга эр хүн шиг байх ёстой гэх мэт хэвшмэл дүрд тааруулах нь илүүтэй байна. 

Эрэгтэй, эмэгтэй хүн биологийн хувьд ялгаатай боловч өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх гэхчлэн бүх талаар ижил тэгш эрхтэй. Энэ ч утгаараа манай улс Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлдэг. Тус хуулийн 5-р зүйлд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого”-ыг ийн тусгасан байдаг.  

  • 5.1.1.жендэрийн тэгш эрхийн зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангах; 
  • 5.1.2.ялгаварлан гадуурхахгүй байх зарчим: эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх; 
  • 5.1.3.төрийн хариуцлагын зарчим: төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор ногдуулсан үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх; 
  • 5.1.4.жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим: хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөлд жендэрийн үзэл баримтлалыг тусгах замаар хөгжлийн бодлогыг жендэрийн агуулгатай болгох; 
  • 5.1.5.жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: хүйсээр ангилсан албан ёсны статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах. 
  • 5.2.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэнэ. 

Эцэг, эхийн жендэрийн хэвшмэл ойлголт хүүхдийн нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлдгийг 2017 онд хийсэн судалгааны дүгнэлтээр хүргэе. 

Нидерландын Лейден их сургуулийн Жуди Месмэн, Марлин Гронвелд гэх эрдэмтэд хүүхдийн нийгэмшилд эцэг, эх хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. Ингэхэд хүүхдийн бага насны хүмүүжил нь илүү урт хугацааны нөлөөтэйг тогтоожээ.  

Барууны нийгэм болон жендэрийн тэгш байдлыг баримталдаг нийгэмд эцэг, эхчүүд ерөнхийдөө жендэрийн хэвшмэл ойлголтыг үгүйсгэх хандлагатай байдаг байна. Гэсэн хэдий ч хүүхэд өсгөх үед зарим практик ялгаа гарч эхэлдэг аж. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйсийг тодорхой болсны дараа сонирхол, ур чадвар, зан үйлийнх нь талаар хүлээлт үүсгэдэг бөгөөд эдгээр хүлээлт нь хүүхдээ хүмүүжүүлэх үед илэрдэг байна.  Месмэн, Гронвелд нар хэвшмэл ойлголттой эцэг, эхийг 2 төрөлд хуваан тодорхойлжээ. 

  1. Өөрийн зан байдлаас хамаарч хүүхдэдээ шууд нөлөөлөх 

Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдэдээ тоглоом авахдаа хүртэл хүйсийн үүрэгтэй нь холбож, охиндоо хүүхэлдэй, гал тогооны багц гэх мэтийг харин хүүдээ галт тэрэг, үлэг гүрвэл гэх мэт “эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоглоом гэж хэвшсэн” тоглоомуудыг авч өгдөг. Судалгаанаас үзэхэд ээжүүд эрэгтэй хүүхдийнхээ эрсдэлтэй, болон сүйтгэх, эмх замбараагүй зан байдалд бага хариу үйлдэл үзүүлдэг ба бусдад туслах, сайн үйл хийх хандлагыг дэмжих нь бага байдаг аж. Энэ нь хөвгүүд эрсдэлтэй үйлд автах, өөрийгөө сорих нь их байхад харин охид бусадтай эвтэй байдаг гэсэн ойлголтыг бататгаж байна.  

  1. Бусдын зан байдлаас хамаарч хүүхдэдээ шууд бусаар нөлөөлөх 

Бага насны хүүхдэдээ ном уншиж өгөх үед ээжүүд эсрэг үйлдэл хийж байгаа хүүхдээс илүү хэвшмэл үйлдэл хийж байгаа хүүхдийг эергээр тайлбарлах хандлагатай байгааг уг судалгаагаар олж мэджээ. Жендэрийн хэвшмэл ойлголтыг бататгахад зарим үед аавууд ээжүүдээс илүү байв. Жишээлбэл, 2 хүүтэй нэгэн аав эрэгтэй хүүхдүүдийн муу зурсан зургаас илүүтэй эмэгтэй хүүхдийн муу зурсан зурагт сөрөг сэтгэгдэл хэлсэн байна. Түүнчлэн, зурагт хүүхдийн хүйс тодорхой бус байхад эцэг, эхчүүдийн аль аль нь гунигтай хүүхдийг охин гэж, ууртай хүүхдийг хүү байна гэж тайлбарлах хандлагатай байжээ.  

  • Биологи уу эсвэл хүмүүжил үү? 

Жендэрийн хэвшмэл ойлголтод биологийн хүчин зүйл тодорхой хэмжээнд хамааралтай гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, хөвгүүд бага насандаа бие бялдрын хувьд илүү идэвхтэй байдаг учраас эцэг, эхчүүд хөвгүүдийг номхруулах, илүү ширүүн харьцах гэх мэт тохиолдол бий. Нийгэм, соёлын өөр өөр гарал үүсэлтэй эцэг, эхчүүд хүүхдийн хүмүүжилд янз бүрээр ханддаг бөгөөд бага орлоготой хүмүүс жендэрийн хэвшмэл ойлголт, уламжлалт үүргийг илүүтэй дэмждэг нь тус судалгаагаар ажиглагджээ. Түүнчлэн, жендэрийн хэвшмэл ойлголт ихтэй эцэг эхчүүд ихэнх зүйлийг хүйсэд хамаатуулах магадлал өндөр байдаг. Тухайлбал, хэвшмэл ойлголттой аавууд охиноосоо илүү хүүдээ бие махбодын хяналт тавьдаг гэжээ. 

  • Жендерийн хэвшмэл ойлголттой эцэг, эх хүүхдийн нийгмийн хөгжилд ямар нөлөө үзүүлдэг вэ? 

Хүүхэд бага насандаа ихэвчлэн эцэг, эхийнхээ зан байдлыг дуурайхаас гадна эргэн тойрныхоо нийгмийн загваруудыг анзаарч, тусгадаг байна. Дараа нь тэдгээр тусгалаа ашиглаж, төстэй нөхцөлд хэрэгжүүлдэг аж. Жишээлбэл, ээж нь гэрийн ажлаа хийдэг айлын охин гэрийн ажил бол охидынх гэж үзэн, гэрээ цэвэрлэж тоглодог болдог гэх мэт. 

Хүүхдийг багаас нь жендэрийн хэвшмэл ойлголтын дагуу хүмүүжүүлэх нь урт хугацааны нөлөө болж үлддэг байна. Нөгөөтэйгүүр, хэрэв хүүхдүүдийг чадвараас нь илүүтэйгээр хүйсээс хамаарч хүмүүжүүлбэл авьяас чадвар нь дэмий үрэгдэж, хувь хүний онцлог нь буурах, амьдралын хэв маяг, ажил мэргэжил нь албан шахалт, дарамтад орох буюу өөрийнхөөрөө амьдарч чадахгүй болж цаашлаад сайн сайхан байдалд нь нөлөөлөх магадлалтай болдог. Гэхдээ эдгээр хүчин зүйл нь соёл иргэншлээсээ хамаарч, харьцангуй өөр байж болох юм. 

Дүгнэлт  

Эдгээр хэвшмэл ойлголт, хандлага нь монголчуудын ахуй амьдралд эртнээс уламжлагдаж, тухайлбал эцэг, эхийн үүрэг, хариуцлага, эрэгтэй, эмэгтэй хүүхдэд оноох ажил үүргийн хуваарилалттай холбогдон бий болжээ. Нийгмээс нийгэмд, үеэс үед дамжин ирсэн жендэрийн хэвшмэл ойлголт, хандлага нь орчин цагт буухдаа илүү сөрөг нөлөөтэй болж, дарамт, доромжлол, ялгаварлал зэргийг бий болгож, сэтгэл зүй, бие махбодид нөлөөлөх магадлалтай байна. 

Иймд, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ хүйсээр нь ялгаж аливаа ажил үүргийг оноох, сэтгэл зүй, мэдрэмж, үзэл бодолд нь нөлөөлөхүйц үг хэллэг хэлж, үйлдэхгүй байхад анхаарах нь чухал байна. Түүний оронд хүүхдээ ямар хүйстэй байхаас үл хамааран авъяас чадвар, хүсэл эрмэлзлэлийг нь сонсож, дэмжиж өгөх нь зүйтэй. Нэг гэр бүлжендэрийн ихэвшмэл ойоголтоос зайлсхиыж, хүүхдээ хүмүүжүүлэх нь нийгэмд үүсдэг сөрөг үр дагаврыг бууруулж чадах юм.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document