Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх амралт, сувиллын жагсаалт гэх хуучирсан мэдээллээр төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1010

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хуучирсан гэрээт сувилахуйн үйлчилгээний байгууллагын жагсаалтыг дахин идэвхжүүлснээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.

Баримт шалгалтын үр дүн

Ахмадуудын амралт, сувилалд Нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд, үйлчилгээний зардалд нэмэлт төлбөр хэдийг тооцож авах нь тухайн байгууллагын шийдвэр байдаг байна.

2023 оны наймдугаар сарын 03-нд “Зарлиг.мн” нэртэй хуудаснаас “Амралтад 7 хоног 70.000 Сувилалд 10 хоног 100.000 төгрөгөөр явах эрхтэй батлагдсан амралт сувилалын жагсаалт. Харьяа газрынхаа халамжийн газарт хандан бичиг баримтаа бүрдүүлээрэй. Эрхээ эдэлж сайхан амарч сувилуулж байгаарай. Хадгалаад аваарай” гэх тайлбартайгаар 2022 оны хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой амралт, сувиллын жагсаалтыг оруулжээ. Тус пост нь нийт 862 реакц, 160 сэтгэгдэл авч, 40 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Хэдий жилийн өмнө нийтлэгдсэн ч хүмүүс одоог хүртэл идэвхжүүлэн түгээсээр байна.

Шалгасан мэдээлэлд 2022 оны гэрээт байгууллагуудыг буюу амралтын үйлчилгээ үзүүлэх 27, сувиллын үйлчилгээ үзүүлэх 31 байгууллагыг жагсаасан байна. Мэдээлэлд хавсаргасан жагсаалт нь ХХҮЕГ-ын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын хавсралт байна.

2022 оны уг тушаалд “Гэрээг үндэслэн ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн хөнгөлөлттэй үнийг 20,000 төгрөгөөр…” тооцохыг үүрэг болгосон байна.

Тухайн үед ор хоног нь 20 мянган төгрөг байсан нь дээрх тушаалаар батлагдаж байна. Тиймээс 7 хоногт 140 мянга, 10 хоногт 200 мянган төгрөгөөр тооцож, Нийгмийн халамжийн сангаас тендерт шалгарсан байгууллагуудад нөхөн олговор өгдөг байсан ба зөвхөн ахмад настанд үйлчилдэг зохицуулалттай байна.

Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд Монгол Улсын Засгийн газраас “Хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 159 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

“Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газарт ахмад настан амарч, сувилуулах хугацааг 7 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35,000 төгрөгөөр, сувиллын газарт 40,000 төгрөгөөр тус тус тогтоосугай” гээд тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тусгажээ.

Энэ нь гэрээт амралтын газрууд нэг ахмадыг 7 хоног амраахдаа 245 мянган төгрөг, сувилал бол 280 мянган төгрөг Нийгмийн халамжийн сангаас авдаг гэсэн үг. Харин тухайн амралт, сувиллын газар зардлын тооцоогоо гаргаж, хэрэв нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол зөрүү мөнгийг ахмадуудаас авдаг байна.

Тухайлбал, шалгасан мэдээллийн жагсаалтад байгаа Молор трейд ХХК-ийн “Их тамир” ахмадын амралтын газарт 7 хоног амрахад 70,000 төгрөг л ахмадуудаас авдаг байна. Энэ тухай мэдээллийг тус амралтын газрын албан ёсны пэйжид 05 дугаар сарын 29-нд оруулжээ.

Молор трейд ХХК-ийн “Их тамир” ахмадын амралтын газар 2016-2023 онд нийт 26,886 ахмадад үйлчилсний тусламж хөнгөлөлтөд Нийгмийн халамжийн сангаас 4.1 тэрбум төгрөг авсныг shilen.gov.mn-д мэдээлжээ.

  • Зөвхөн ахмадуудын амралт сувиллын хөнгөлөлтөөс гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгалын шимтгэлээ төлдөг хүн бүр, мөн хүүхдүүдэд жил нэг удаа хөнгөлөлт үзүүлдэг тухай мэдээллийг дараагийн хэсгээс авна уу.

Сувиллын тусламж үйлчилгээний суурь тариф 260,000 төгрөг бөгөөд ЭМД төлдөг хүн бүр жилд нэг удаа хөнгөлөлт эдлэх эрхтэй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтад 2024 оны зургаадугаар сарын байдлаар эрүүл мэндийн тусламж, тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан сувиллын жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтад нийт 42 сувилал, 3 сэргээн засах төв байна.

Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс 2024 оны гуравдугаар сарын 29-нд гаргасан 06 дугаар тогтоолоор сувиллын тусламж үйлчилгээний суурь тарифыг 260,000 төгрөг хэмээн тогтоожээ. Мөн “Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээг даатгуулагчийг эмийн заалтаар сувилалд хэвтүүлэн эмчилсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож санхүүжүүлнэ. Иргэн даатгуулагчийн авсан сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээний зардлыг хуанлийн жилд 1 удаа санхүүжүүлнэ”  гэж дурдсан. Ямар оноштой, ямар төрлийн тусламж үйлчилгээ авахаас хамаарч хөнгөлөх үнэ ялгаатай байна.

2024 оны тавдугаар сарын 15-нд Ikon мэдээллийн сайтад орсон мэдээлэлд “Сувилал нь сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээг хэвтүүлж эмчлэх хэлбэрээр үзүүлдэг байгууллага. Заавал ахмад настан гэхгүй шимтгэлээ төлсөн иргэн, малчин, оюутан, сурагч сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр жилд нэг удаа авах зохицуулалттай… Энэхүү хөнгөлөлтийг хүүхдүүд, хувиараа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэд ч эдлэх эрхтэй гэж тайлбарлалаа. Иргэн зөвхөн сувиллын тусламж үйлчилгээ авахад 260,000 төгрөг, сувилал болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээнд 416,000 төгрөг, сувилал болон сэргээн засахын тусламж үйлчилгээг авсан бол 400,114 төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас/ЭМДС/ олгоно…” хэмээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document