2024 оны 06 дугаар сарын 20-нд Hardnews.mn нэртэй пэйжид “ШУУРХАЙ МЭДЭЭ: Гадаад дахь Монголчуудын сонгуульд эхний өдрийн байдлаар АРДЧИЛСАН НАМ илүүрхэж байна. 2024 оны УИХ-ын Гадаад дахь Монголчуудын сонгуульд урьдчилсан байдлаар Ардчилсан нам 70%, Монгол Ардын нам 30%-н санал аваад байгаа аж. Санал хураалт 2024 оны 06 сарын 23-ны өдөр хүртэл явагдана” гэсэн пост оруулсан байна.
Мөн МАН-ын жагсаалтын 34-т нэр дэвшигч Б.Юмжирмаа хувийн хаягаараа “Гадаадад ажиллаж амьдарч байгаа ИРГЭД өнөөдөр саналаа өгөөд, 4 өдөр үргэлжилсэн санал хураалт дуусна. Ямартай ч дэмжээд Монгол Ардын Нам-д саналаа өгсөн мэдээ ирсээр байна…” гэх пост оруулсан байна.
Сонгуулийн санал хураалтыг нэгдсэн журмаар тоолж, үр дүнг мэдээлдэг тул урьдчилж таамаглах, алт нэг хүчин илүү байгаа мэт мэдээлэх нь ардчилсан сонгуулийн үйл явцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул СЕХ-ны мэдээлэл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас бодит байдлыг хүргэе.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 721 дүгээр зүйлд “Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох”-ыг зохицуулсан. Үүнд:
“721.1.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо гүйцэтгэнэ.
721.2.Сонгуулийн ерөнхий хороо санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагт эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
721.3.Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ:
- 721.3.1.төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;
- 721.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох;
- 721.3.3.битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох.
721.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох, дүн дамжуулах ажиллагааг явуулахад тухайн салбар комисст санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно” гэж заажээ.
Мөн энэ мэдээллийг gogo.mn сайтад тодруулсан байна. Уг тодруулгад “…гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй гэж СЕХ-ноос мэдээлэв” гэжээ.
Гадаадаас ирсэн саналын хуудсуудыг санал хураалтын өдөр 22:00 цагаас эхэлж, битүүмжийг задлан, нягталж, хүчингүй хуудас байвал ялгаж тоолоод, санал тоолох машинд уншуулсны дараа дүнг нь тэр даруйд мэдээлнэ. Түүнээс өмнө сонгуулийн санал хураалтын үр дүнг мэдэх боломжгүй тул төөрөгдөхөөс сэргийлээрэй.