“Хүүхдээ олон жил хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэх судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1005

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Түгээсэн бичлэгт “Эрэгтэйчүүдийн 0.5-1 хувь нь хөхний хорт хавдраар өвчилдөг” мөн “1.5 жилээс дээш хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрэгтэйчүүдийн 0.5-1 хувь нь хөхний хор хавдартай бус харин нийт хөхний хорт хавдрын тохиолдлын 0.5-1 хүртэлх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг аж. Мөн урт хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг гэж хавдар судлалын байгууллагууд үзэж, мөн судалгааны үр дүнгээр нотлогджээ.

2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр TV Mongolia гэх нэртэй Фейсбүүк пэйжээс “Хүүхдээ дөрөв, таван нас хүртэл нь хөхөөр хорт хавдар тусах эрсдэл болдог.” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Уг бичлэгт “Эрэгтэйчүүдийн 0.5-1 хувь нь хөхний хорт хавдраар өвчилдөг” мөн “1.5 жилээс дээш хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн мэдээллүүд багтжээ.

Шалгасан мэдээлэлд дурдагдcан үнэн баримтууд:

Тухайн бичлэгт хэд хэдэн агуулгыг хөндсөнөөс дараах мэдээллүүд нь ҮНЭН байна.

Хөхний хорт хавдарт хүйс хамаарахгүй.

Дараах хүчин зүйлс хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг:

  • Таргалалт
  • Согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ
  • Удамшил
  • Нөхөн үржихүйн түүх
    • Хэзээ анх сарын тэмдэг ирсэн болон анхны жирэмслэлтийн нас гэх мэт
  • Цэвэршилтийн дараах дааврын эмчилгээ
  • Тамхины хэрэглээ

Мөн огт хөхөөр хооллохгүй байх нь хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин, бодисын солилцооны синдром, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлүүдийг нэмэгдүүлдэг гэж “PubMed Central” дээр нийтлэгдсэн нэгэн нийтлэлд дурдагджээ.

Шалгасан мэдээлэлд дурдагдсан ташаа, төөрөгдүүлсэн баримтууд:

  1. ДЭМБ-аас гаргасан мэдээлэлд нийт хөхний хорт хавдрын тохиолдлын 99 хувийг эмэгтэйчүүд, харин 0.5-1 хүртэлх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг гэжээ. Харин үүнийг “Эрэгтэйчүүдийн 0.5-1 хувь нь хөхний хорт хавдраар өвчилдөг” хэмээн төөрөгдүүлэн түгээжээ.

2. “1.5 жилээс дээш хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг” хэмээн бичлэгт дурдагдсан. Тэгвэл энэ агуулгаар хайхад мэргэжлийн байгууллага, судалгааны вэбсайтуудад “урт хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн судалгаа, нийтлэлийн илэрц гарч ирээгүй.

Харин эсрэгээрээ хөхөөр хооллох нь уг эрсдэлийг бууруулдаг гэсэн судалгаа, нийтлэлүүд олон байсан ба тэдгээрийг доор жагсаалаа:

  • Их Британид хийгдсэн судалгааны үр дүн “Нэг хүүхдийг 12 сарын турш хөхөөр хооллох тутамд хөхний хорт хавдар тусах эрсдэл 4.3 хувиар буурдаг” гэж гарчээ. Жишээ нь: 2 хүүхэдтэй эмэгтэй, хүүхэд тус бүрээ 12 сарын турш хөхөөр хооллосон бол хөхний хорт хавдар тусах эрсдэл 4.3×2=8.6 хувиар буурна.
  • Cancer Research UK” гэх дэлхийд тэргүүлэх бие даасан хавдар судлалын байгууллагын зүгээс “Хөхөөр урт хугацаанд хооллох нь яагаад хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг гэдэг нь бүрэн тодорхой болоогүй ч хөхөөр хооллох үед хөхний эсүүдэд өөрчлөлт ордог нь хавдрын эсрэг тэсвэртэй болгодог байж магадгүй” гэжээ.
  • Мөн Английн “Medical News Today” нэртэй эрүүл мэндийн вэбсайтын нэгэн нийтлэлд “Хэдий чинээ урт хугацаанд хөхөөр хооллоно, төдий чинээ эх, хүүхэд 2-т сайнаар нөлөөлдөг” гэж өгүүлжээ.

Мөн ДЭМБ-аас нярайг дор хаяж 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллохыг, цаашлаад 2 нас хүртэл нь эхийн сүү ба бусад хүнсийг холимог байдлаар хооллохыг зөвлөдөг ба түүнээс дээш хэдэн нас хүртэл нь хөхүүлэх талаар нээлттэй орхисон байна. Мөн олон жил хөхүүлэх нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэх ямар нэг зөвлөмж, судалгаа байхгүй.

Дүгнээд хэлбэл, “1.5 жилээс дээш хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэсэн мэдээлэл нь эсрэгээрээ удаан хугацаанд хөхөөр хооллох нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг гэж эрүүл мэнд, судалгааны байгууллагууд үздэг байна. Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгуудад үнэн баримт байгаа ч хоёр агуулга нь алдаатай болон баримтгүй мэдээлэл байх тул тухайн бичлэгийг төөрөгдүүлсэн гэж дүгнэлээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document