2024 оны 06 дугаар сарын 18-нд “Батхүүгийн Ганхөлөг” нэртэй хаягаас “Номтын эхнэр Номингийн хүүхдийн эцэг бол Батхүү агсан буюу миний аав гэдэг бодит үнэнийг хэлье…” гэсэн эхлэлтэй пост зургуудын хамт оруулсан нь 321 шэйр аваад байна.
Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Хаягийг шалгах: URL линкийг анзаараарай
Тус хаягийн нэр, зураг нь Б.Ганхөлөгийн өөрийн хаяг мэт байгаа ч URL линк нь “https://www.facebook.com/profile.php?id=61561024595248” буюу тодорхой нэргүй, кодолсон байна.
Харин URL дэх нэрээр хайхад “https://www.facebook.com/GankhulugBatkhuu” нэртэй пэйж гарч ирсэн нь “Батхүүгийн Ганхөлөгийг дэмжигчдийн хуудас” нэртэй, 30 мянган дагагчтай пэйж байна.
Тус хуудсыг 2020 оны УИХ-ын сонгуульд Б.Ганхөлөгийг нэр дэвшиж байх үед нь хөтөлж байжээ.
Мэдээллийг шалгах үед “Батхүүгийн Ганхөлөг” гэх хаяг идэвхгүй болсон байна. Харин тус хаягаас постолсон мэдээллийг скрийн шот хийж авсан зургийг түгээсээр байна.
Энэ нь манипуляц хийх нэг аргачлал ба нэр хаяг тодорхойгүй, эсвэл шинээр нээсэн, цөөн дагагчтай хаягаар мэдээллийг оруулж, түүнийхээ зургийг аваад өөр олон дагагчтай пэйж, хаягуудаар түгээж, тролл, бот зэргээр идэвхжүүлэн олон нийтэд хүргэдэг хэлбэр юм.
“Батхүүгийн Ганхөлөг” нэртэй шинээр нээсэн 4 найзтай хаягаас шалгасан постыг 321 удаа шэйрлэсэн бөгөөд анхан шатны шинжилгээгээр 12 группэд хуваалцсан Э. Анунгоо гэх хаяг нь 2023 оны 04 дүгээр сарын 18-наас хойш нээлттэй тохиргоотой мэдээлэл оруулаагүй.
Гэхдээ группүүдэд тогтмол шэйр хийдэг, нэр зураг нь хуурамч байх магадлалтай, хаягаа хөтөлсөн түүх зэргээр нь зорилтот мэдээллийг идэвхжүүлэх зорилгоор нэг хүн олон хаяг нээж, түгээхэд ашигладаг үзэгдлийн нэг байхаар байна.
Энэ мэтийн хуурамч хаягаар мэдээллийг олон группэд идэвхжүүлэн түгээх нь дараах зорилготой:
- Хэн нэгнийг олон хүн дэмждэг мэт сэтгэгдэл төрүүлэх,
- Өөр нэгний нэр хүндэд халдах санаархалтай хуурамч мэдээлэл түгээх,
- Ямар нэг үйл явдлаас олны анхаарлыг холдуулах зорилгоор гэмт хэрэг, элдэв бичлэг зэрэг анхаарал татсан өөр мэдээллийг түгээх зэрэг байдаг.
Эх сурвалжаас тодруулсан нь:
Бид 06 дугаар сарын 19-нд Б.Ганхөлөгтэй холбогдож, дээрх мэдээллийн талаар болон албан ёсны хаягийг асуухад хуурамч хаягаар оруулж буй мэдээллийг холбогдох газарт нь гомдол гаргаж байгаа тухай хэлсэн. Мөн тэрээр Facebook-т хэрэглэдэг өөрийн албан ёсны хаяг нь дээр дурдсан “Батхүүгийн Ганхөлөгийг дэмжигчдийн хуудас” ба X буюу хуучнаар Twitter-т “Батхүүгийн ГАНХӨЛӨГ” нэртэй хаягаар жиргэдэг гэлээ.
Мөн энэ мэдээллийн талаар eguur.mn сайт тодруулга авсан байна.
Олны анхаарлыг татсан, итгэхийн аргагүй, эсвэл хиртхийлгэсэн, айдас төрүүлсэн, хэт шоолж доромжилсон гэх мэтээр хүний сэтгэл хөдлөлийг удирдахуйц мэдээллийг хараад хамгийн түрүүнд “хуурамч биш биз” гэж эргэлзэж байгаарай. Эргэлзээд эхний хийх алхам бол тухайн мэдээлэл түгээсэн хаягийг шалгаж байгаарай.