Гоо сайхны зах зээлээр нь эрэмбэлсэн Азийн эхний 20 орны тоонд Монгол багтаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1003

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Азийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй 20 орны тоонд Монгол багтсангүй” гэдэг гарчигтай мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Азийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй 20 орны тоонд Монгол багтсангүй” гэх мэдээлэлд гоо сайхны зах зээлийн багтаамж буюу эмэгтэйчүүдийн гоо сайхандаа зарцуулдаг мөнгөний хэмжээгээр нь эрэмбэлсэн байна. Үүнийг мэдээнд өгүүлсэн атлаа гарчигт дурдаагүй нь төөрөгдүүлж байна.

2024 оны зургаадугаар сарын 17-нд  Азийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй 20 орны тоонд Монгол багтсангүй” гэдэг гарчигтай нийтлэлийг Zangia.mn орчуулан хүргэснээр 1000 гаруй реакц, 359 сэтгэгдэл авч 181 удаа цааш түгээгджээ. Уг мэдээнд “Олон улсын санхүүгийн судалгаа мэдээллийн Инсайдер Монки агентлаг олон эх сурвалжийн мэдээллээс үндэслэн Азийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй 20 орныг эрэмбэлжээ. Тэгэхдээ гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг нэгэн чухал хүчин зүйл болгон үзсэн байна...” гэж эхэлсэн байна. Цаашлаад “Ази-Номхон далайн арьс арчилгаа, гоо сайхны зах зээл 2031 онд 88.4 тэрбум ам.долларт хүрч, 2021-2031 оны өсөлт 6.9 хувь болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан юм. Харьцуулаад үзвэл дэлхийн нийт арьс арчилгаа, гоо сайхны зах зээл 2023 онд 96.13 тэрбум ам.доллараар хэжигдэж байсан нь 2033 онд 5.84 хувиар өсөж, 169.57 тэрбум ам.долларт хүрнэ гэх тооцоо бий. Ийн нарийвчлан үзэхэд, дэлхийн гоо сайхны төв гэгддэг Өмнөд Солонгос гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүд болон тэдний гоо сайхандаа зарцуулдаг мөнгөний хэмжээгээр өндөрт жагсдаг билээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын залуу эмэгтэй арьс арчилгаа, эмчилгээний бүтээгдэхүүн үйлчилгээнд сард дунджаар 700 ам.доллар зарцуулдаг гэх судалгаа бий. Энэ жишгийг даган Тайланд, Малайз гэх мэт улсуудад ч гоо сайхны зах зээл өргөжиж байна. Вьетнамд л гэхэд 2022 онд гоо сайхны зах зээл 2.26 тэрбум ам.доллартай тэнцэж байв...” гээд Азийн эхний 20-д ордог орнуудын жагсаалтыг танилцуулжээ.

Бид дараах байдлаар шалгалт хийлээ:  

Мэдээлэлд дурдсан Инсайдэр Монки сайт нь хөрөнгө оруулалтын талаар нотолгоонд суурилсан нийтлэлүүдийг хүргэдэг санхүүгийн сайт юм. 

2024 оны тавдугаар сарын 1-нд уг сайтад оруулсан “Азийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй 20 улс” гарчигтай нийтлэлийг монгол хэлээр орчуулж оруулсан байна.

Түүнчлэн нийтлэлд дурдаж буй арьс арчилгааны зах зээл дэлхий даяар өсөж буй тоон мэдээллийг Канад дахь Precedence Research байгууллагын тайлангаас шалгахад үнэн байна. Нийтлэлийн гол агуулгад гоо сайхны салбарын зах зээл дээр тулгуурлан эрэмбэлэн үзүүлэлтийн тухай дурджээ. Үүнд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээ, гоо сайхны хагалгаа зэрэгт зарцуулах мөнгөн дүнг тооцон үзжээ. Ингэхдээ судалгаандаа тулгуурлан оноо өгсөн байна.

Жагсаалтыг гаргах аргачлал нь олон эх сурвалжийн судалгаанд үндэслэн ангиллуудыг гаргаж өгсөн байна. Ангилал тус бүрийн бүх үзүүлэлтийг хангасан бол бүхэл оноо, зарим нэг үзүүлэлт дутуу бол бутархай оноо өгөх зэргээр нэгтгэж, өсөх дарааллаар нь эрэмбэлсэн байна. 

Ийнхүү эрэмбэлэхэд Монгол Улсын гоо сайхны зах зээлийн хэмжээ эхний 20-д багтаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document