2024 оны 06 дугаар сарын 8-нд “Khuslen Blogger v2” нэртэй хуудсаас “Фламинго шувуунууд дэгдээхийгээ ингэж хооллодог…” гэсэн тайлбартай бичлэг оруулсан нь 956 реакц, 62 сэтгэгдэл авч, 109 удаа цааш түгээгдсэн байна.
Уг бичлэгийн тайлбарт “Энд үнэндээ хоёр Фламинго дэгдээхийгээ зэрэг хооллох гээд нэг нь бүтэлгүйтсэн хэрэг. Харин улаан өнгийн шингэн бол “crop milk” гэгддэг шим тэжээлт шингэн бөгөөд тэдний иддэг замаг, мөн зарим нэг төрлийн хавч зэргээс болж ийм өнгөтэй болдог аж. Тэгэхээр, худал мэдээлэл ингэж л тархдаг байх, анхны сэтгэгдлээр. Гэвч аливаа зүйлс харагдаж байгаагаасаа өөр байдаг” гэсэн байна.
Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Энэ үзэгдлийг харсан зарим хүмүүс “дэгдээхэйгээ хооллох гэж байгаад бүтэлгүйтэж шувууд нэгнийгээ гэмтээсэн”, “хоол тэжээлийн хомсдолд орсноор дэгдээхэйгээ цусаар хооллодог” гэх зэргээр ташаа тайлбарлажээ.
- Гэвч үнэндээ энэ нь “crop milk” буюу үр тарианы сүүгээр шувууд нэгэн зэрэг дэгдээхэйгээ хооллож буй үзэгдэл юм.
Үүнийг “Lindblad Expeditions”-ын байгаль судлаач Анахи Конкари Эквадор дахь Галапагос арал дээр хийсэн судалгааныхаа үеэр тайлбарлажээ.
“Crop Milk” (Кроп милк) нь зарим шувууны биед байх хоол хүнс хадгалахад ашиглагддаг ууттай төстэй ургацганд үйлдвэрлэгддэг бодис бөгөөд өөх тос, уураг агуулдаг боловч нүүрс ус агуулдаггүй. Энэ нь хөхтөн амьтдын сүүтэй төстэй. Маш цөөн тооны шувуу, түүний дотор тагтаа, оцон шувуу, фламинго зэрэг нь crop milk-ийг үйлдвэрлэж чаддаг байна. Харин фламинго нь эрэгчин, эмэгчин хоёул crop milk ялгаруулдагаараа бусад шувуунаас ялгаатай.
Фламингоны сүү улаан өнгөтэй байдаг нь тэдний гол хоол тэжээл болох сам хорхой, загас, хавч, усны жижиг шавж зэрэгт агуулагдах каротиноид, кантаксантинтай (байгалиас олддог нэг төрлийн органик пигмент) холбоотой. Сүүний улаан өнгө нь дэгдээхэй төрснөөс эхний хэдэн долоо хоногт л тод улаан, ягаан үзэгддэг бөгөөд аажмаар бүдгэрдэг байна. Бяцхан дэгдээхэйний хошуу хооллоход хангалттай хөгжөөгүй, шулуун байдаг тул бие даах хүртэл буюу зургаан сар хүртэл нь crop milk-ээр хооллодог.
Фламинго шувууны энэхүү сонирхолтой байгалийн өгөгдлийн талаар олон улсад төрөл бүрийн төөрөгдүүлсэн мэдээлэл гардаг тул бүх насныханд зориулсан хэлбэрээр тайлбарласаар байна. Дараах бичлэгүүдээс тодорхой мэдээллийг авна уу.