2024 оны тавдугаар сарын 11-нд “Zextra Sure – Гэрийн нөхцөлд яс, үе мөчний өвдөлтийг намдаана” гэх хуудаснаас Zextra Sure нунтаг сүүн бүтээгдэхүүний сурталчилгааны богино хэмжээний бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгт “яс үе мөчний өвдөлтийн шинж тэмдгийг гэртээ шууд арилгана. 7 хоног хэрэглсэний дараагаар өвдөлт аажмаар алга болж, хөдөлгөөн илүү хялбар болно, 30 хоногийн дараа ямар ч өвдөлтгүй амархан хөдөлж ажиллах боломжтой. Үе мөч болон булчингуудад хурдан өвчин намдаах үйлчилгээтэй. Үе мөчний мөгөөрсийг тэжээ хурдан нөхөн төлжүүлнэ…” гэх агуулгыг дурджээ. Богино хэмжээний бичлэгийн тайлбар хэсэгт “АНУ-ын хүнс, Эмийн захиргаанаас бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ авсан… Нойрны эрүүл мэндийг сайжруулах, үе мөчний өвчний эмчилгээг дэмжинэ” хэмээн бичсэн. Уг бичлэг нийт 1,200 гаруй реакц, 2,600 гаруй сэтгэгдэл авч, 891 удаа цааш түгээгдэж, 169 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
Мөн Zextra sure нутаг сүүн бүтээгдэхүүнийг сурталчилсан олон хуудсыг энд, энд бас эндээс харж болох юм.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид бүтээгдэхүүний нэрээр google-с хайхад Nation Thailand мэдээллийн сайтад 2023 оны 11-р сарын 18-нд нийтлэгдсэн “Тайландын FDA(Хүнс, Эмийн захиргаа) орон нутгийн зах зээлд нэвтэрсэн Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Дэлхийн борлуулагчдын сүлжээг таслан зогсоох ажиллагааг “Мөрдөн байцаах төв товчоо” (CIB)-той хамтран явуулсан” гэх агуулга бүхий мэдээлэлд Zextra sure бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж буй бүтээгдэхүүний жагсаалтад оруулжээ.
Мөн Zextra sure бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх тухай Thai.News мэдээллийн сайтад “Тайландын эрүүл мэндийн байгууллага 40 сая бат(Тайландын мөнгөн тэмдэгт) бүхий 23 төрлийн 43,411 бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэснийг илрүүлсэн… Эрүүл мэндийн яамнаас хэрэглэгчдэд сэрэмжлүүлэх шаардлагатай гэж үзжээ…” гэх агуулга бүхий мэдээллийг 2023 оны 11-р сарын 19-нд нийтэлсэн.
Дээр дурдсанаар тус бүтээгдэхүүн нь Вьетнам улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авч Солонгос, АНУ-д үйлдвэрлэсэн гэх мэтээр сурталчилж буй.
Zextra sure бүтээгдэхүүнийг сурталчилж буй Монгол дахь Фейсбүүк хуудасны мэдээллийг шалгалаа. “Zextra Sure – Мэс засалгүйгээр үе мөчний өвдөлтийг сэргээх” хуудас нь 2024 оны дөрөвдүгээр сарын 27-нд нээгдсэн, хуудасны 6 админ Вьетманд байрлалтай байна. “Zextra Sure – Гэрийн нөхцөлд яс, үе мөчний өвдөлтийг намдаана” хуудас нь 2024 оны тавдугаар сарын 2-нд нээгдсэн бол хуудасны 7 админ Вьетнамд байрлалтай, 1 админ нь Бангладешид байрлалтай аж. “Zextra Sure- Солонгосын номер 1 яс, үений хамгаалагч” хуудасны админ мөн Вьетнамд байрлалтай байна. Үүнээс харахад Монголд үйл ажиллагаа явуулдаггүй, хуурамч хаяг, цахим луйвар байж болзошгүйг харуулж байна.

Zextra sure бүтээгдэхүүний англи хэл дээр сурталчилгааны сайтад АНУ-ын Хүнс, Эмийн захиргааны гэрчилгээ гэх зургийг оруулжээ. Тус гэрчилгээ дээр харагдаж буй Parapharm гэх байгууллага нь орос бүтээгдэхүүн зардаг бөгөөд сайт руу орж үзэхэд Zextra sure гэх бүтээгдэхүүний тайлбар, танилцуулга огт байхгүй аж.

Мөн “Zextra Sure – Мэс засалгүйгээр үе мөчний өвдөлтийг сэргээх ” хуудаст нийтлэгдсэн сертификат дээр бичигдсэн “Hoang Huy Development and Investment trading company limited” компани нь моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хангамжийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Өөр үйл ажиллагаа явуулдаг, өөр бүтээгдэхүүн худалдаалдаг компанийн нэртэй батламжийг ашиглан найдвартай мэт сэтгэгдэл төрүүлж байна.

Жон Хопкинс анагаах ухааны их сургуулийн төв, Кливланд клиник, Их Британийн үндэсний эрүүл мэндийн алба, Пенсильванийн их сургуулийн сайтад үений үрэвслийг бүрэн эмчилж эдгээх аргагүй ч өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой, үений үрэвслийн шалтгаан, шинж тэмдэг, нөхцөл байдлаас хамааран өөр эмчилгээ хийнэ гэх агуулгыг дурджээ. Иймд батлагдаагүй, уг гарал нь тодорхойгүй, хуурамч батламж, сурталчилгаатай иймэрхүү бүтээгдэхүүнийг дур мэдэн ашиглахаас зайлсхийж үений үрэвсэлтэй үед заавал эмчид хандах нь зүйтэй. Мөн аливаа бүтээгдэхүүний нэршлээр интернэтээс хайж баталгаатай эсэхийг нь нягталж хэвшээрэй.