Тэтгэврийг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ гэх мэдээлэл худал 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1000

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

06 дугаар сарын 5-наас тэтгэврийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэл түгээсэн хаяг нь хуурамч бөгөөд төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэлд 06 дугаар сарын 5-наас тэтгэвэр нэмэх тухай мэдээлэл байхгүй. Хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарч, бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болгосон билээ.

2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “Mamadou Bah” гэх хаягтай хэрэглэгч “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг” дэмжигч групп гэх нээлттэй группэд “Тэтгэврийг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэсэн мэдээллийг түгээсэн. Мөн “1.Маш зөв нэмэх хэрэгтэй. 2. Нэмэх хэрэггүй” гэх асуулгыг явуулсан бөгөөд  “Хариултаа бидэнд хувийн мессеж эсвэл урилгаар илгээнэ үү” гэжээ. Тус пост нь 99 реакц, 280 сэтгэгдэл авч, гурван удаа цааш түгээгдсэн байна. 

Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ 

Хаягийг шалгахад: 

Тус мэдээллийг тараасан хэрэглэгчийн хаяг фейсбүүкийн хайлтын хэсгээс харахад өөр группүүдэд адилхан тайлбартай мэдээллийг түгээсэн байна. Гэвч профайл хаягийг нь шалгахад тэтгэвэр нэмэгдэх талаар мэдээллийг нийтлээгүй бөгөөд хуурамч нэр, зураг ашигласан байгаа юм. Нийтлэлийг зөвхөн фейсбүүк грүппүүдээр дамжуулсан бөгөөд санал асуулгын хариуг хувийн чат руу л илгээхийг уриалжээ. Энэ хуурамч мэдээллийг олонд тарааж , хандсан хүмүүсээс хувийн мэдээлэл, мөнгө зэргийг авдаг фишинг залилангийн хэлбэртэй төстэй байна.  

Агуулгыг нягтлахад :  

Уг постын текст хэсгийг фейсбүүкийн хайлтын хэсгээс хайхад Mamadou Bah -аас өөр нэртэй олон хэрэглэгч яг адилхан текстийг нийтэлсэн байна. Нийтэлсэн хугацаа нь ойролцоо байгас гадна тэдгээр хаягууд нь хуурамч нэг, зураг ашиглаж буйгаараа нийтлэг байна.  

Тэтгэвэр нэмэх шийдвэрийн тухайд:

2024 оны 03 дугаар сарын 20-нд Монгол Улсын Засгийн газрын мэдээллийн сайтад тэтгэвэр нэмсэн талаар мэдээ оруулсан.  Тус мэдээнд “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс (04.01) дагаж мөрдөнө” гэжээ.  

Тэтгэвэр, тэтгэмж болон бусад шийдвэрийн талаарх мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын сайт, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар -ын албан ёсны хуудсаас мэдээлэл авч, залилангийн шинжтэй хуурамч мэдээлэлтэй тааралдсан үед манай пэйжийн чатботоор ирүүлж шалгуулахаас гадна хэрэв ямар нэг байдлаар урьдчилж мөнгө шилжүүлсэн бол тухайн дансыг “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-д мэдэгдэж, царцаах боломжтой. Мөн дахин энэ төрлийн мэдээллийг харахгүйн тулд репорт хийж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document