2024 оны аравдугаар сарын 14-ий өдөр “Erdenebaatar Sukhbaatar” нэртэй хаягаас “Мэрилин Монро Эйнштейнд хандан хүүхэдтэй болох тухай ярьсан. Тэд над шиг үзэсгэлэнтэй, чам шиг ухаалаг болох байх” гэсэн агуулгатай постыг түүний хэлсэн эшлэлүүдтэй хамт нийтэлжээ. Үүнээс
- Мэрилин Монро Эйнштейнд хандан хүүхэдтэй болох тухай ярьсан яриа,
- Мэрилин Монрогийн IQ нь “бүх цаг үеийн хамгийн агуу суут ухаантан”-аас таван оноогоор илүү гэдэг нь нотлогдсон гэсэн агуулгыг баримтаар шалгалаа.
Уг пост 699 реакц, 37 сэтгэгдэл авч, 312 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
USA Today мэдээллийн сайтад хамгийн өндөр оюуны түвшинтэй (IQ) хүмүүсийн тухай дурдсан нийтлэлд Альберт Эйнштейний тухай “Зарим эх сурвалж физикч Альберт Эйнштейний IQ-г 160 орчим гэж тооцоолж байгаа ч түүний оюуны түвшнийг шалгасан тухай батлагдсан ямар ч мэдээлэл байхгүй. Энэ талаар Профессор Дин Кит Саймонтон “Хэрэв та Эйнштейний оюуны түвшнийг гүүглээс хайхад маш олон илэрц харагдах боловч бодит мэдээлэл байхгүй гэж хэлсэн” талаар дурджээ.
Мөн Мэрилин Монрогийн оюуны түвшний талаарх мэдээлэлд Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллага “Snopes” төв баримтаар шалгаж шалгаж “батлагдаагүй” гэж дүгнэсэн байна. Тодруулбал, “Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг сэтгэл судлалын мониторингийн дагуу 1949 онд оюуны түвшин тогтоох (IQ) тестийн орчин үеийн хэлбэрийг нэвтрүүлсэн. Энэ нь хүүхдэд зориулсан туршилтын хувилбар бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан хувилбарыг 1955 онд Монрог бараг 30 настай байхад танилцуулжээ. Үүнээс түүнийг сэтгэл зүйн шинжилгээнд орсон гэсэн нотолгоо олдоогүй. Мөн оюуны түвшин тогтоох (IQ) тест ховор цаг үед сорилтод орсон гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй” гэжээ.
Харин Мэрилин Монро Эйнштейнд хандан хүүхэдтэй болох тухай ярьсан яриаг гоо сайхан, оюун ухааны туйл гэсэн бэлгэдлийн чанартай тарсан ор үндэслэлгүй буюу “шог” шинжтэй яриа гэж тайлбарласан байна.
Уг пост нь дэлхийн олон оронд түгдэг, олны танил хүмүүстэй холбоотой хуурамч түүх зохиож хандалтаа өсгөх аргын нэг юм. Ингэхдээ, эхэндээ егөөдөл, жаргон маягаар хэлсэн зүйрлэлийг дамжуулан түгээхдээ бодит мэт өгүүлсэн байна. Бидний өмнө шалгасан олны танилтай холбоотой мэдээллийг эндээс, егөөдөл хуурамч мэдээлэл болдог жишээг эндээс үзээрэй.