Search

Сошиал платформууд бодит мэдээллийг дэмжих санаачилгуудаасаа татгалзсаар байна

Энэ оны нэгдүгээр сард Мета компани Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийг АНУ-д зогсоосноос хойш технологийн томоохон компаниуд сошиал медиа платформууддаа мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, дэмжих санаачилгуудаасаа дараалан татгалзсаар байна. Google компани баримт шалгалтын мэдээллийг хайлтын системийн илэрцдээ тодруулж харуулах ClaimReview функцээ зогсоосныг өнгөрсөн зургаадугаар сард зарласан ба Х, TikTok зэрэг бусад сошиал медиа платформ хиймэл оюун ухаанд тулгуурласан контент зохицуулалтаа дэмжих бодлогыг баримталж байна.

Google хайлтын систем дэх манай төвийн баримт шалгалтын илэрцүүд (2024 оны 11 дүгээр сарын зураг)

Google компанийн энэ шийдвэр нь бодит мэдээллийг хайж буй хэрэглэгчдийн боломжийг бууруулах сөрөг нөлөөтэйг олон улсын баримт шалгагч нар анхааруулж байв. Их Британийн FullFact баримт шалгах байгууллагын хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн багийн ахлагч Андрев Дадфилдын мэдээлснээр энэхүү шийдвэр нь Google компани AI Overview гэх шинэ функц буюу хиймэл оюун ухаан ашиглан хайлтын илэрцэд үндэслэсэн тохирох хариулт, мэдээлэл хүргэх шинэ функц ClaimReview-ийн хуучин байр суурийг эзлэж буйг тэмдэглэсэн байна.

2015 оноос хэрэгжиж эхэлсэн ClaimReview хөтөлбөрт манай төв болон дэлхийн олон баримт шалгах байгууллага 200,000 гаруй баримт шалгалтын дата бааз үүсгэсэн байсан ба Google компани Европын Комисст танилцуулсан тайландаа 2024 оны эхний зургаан сард зөвхөн Европт нийт 120 сая гаруй удаа харагдсаныг онцолсон байна.

Монголын баримт шалгах төв 2024 оны 11 дүгээр сараас хойш өндөр хандалт авсан, хор хөнөөлтэй хуурамч мэдээлэлд хийсэн баримт шалгалтуудаа тус дата баазад нэмж эхэлсэн юм. Монгол дахь хэрэглэгчдэд ямар хэмжээнд харагдсан тухай тоон мэдээлэл хэдээгийгээр гараагүй ч энэ нь хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол сул хэрэглэгчдэд Монголд харьцангуй шинэ хэлбэрийн контентын формат болох баримт шалгалтын мэдээллийг танихад тусалсан оновчтой шийдэл байсан юм.

Google хайлтын систем дэх манай төвийн баримт шалгалтын илэрц (2025 оны 08 дугаар сарын 29-ний зураг)

Технологийн компаниуд баримт шалгах байгууллагуудтай хамтрах загвараас татгалзаж, X платформын хувьд Community Notes хэмээх хэрэглэгчдийн оролцоонд суурилсан хамтын баримт шалгалтын загварыг хөгжүүлж байгаа бол Мета энэ жишгийг даган мөн адил Community Notes загварыг АНУ-д хэрэгжүүлж эхэлсэн. Харин TikTok өнгөрсөн дөрөвдүгээр сард бусад компаниудыг даган Footnotes функцийг танилцуулсан.

Эдгээр нь хэрэглэгчдэд тухайн постын талаар бодит, нэмэлт мэдээллийг хүргэх зорилготой гэх боловч нийт хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Digital Democracy Institute of Americas байгууллагын энэ оны долдугаар сард нийтэлсэн судалгаанд англи хэлээр X дээр 2021 оны нэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сар хүртэл нийт 82,800 note нийтлэгдсэн нь санал болгосон note-ийн ердөө 7.1% байсныг тэмдэглэсэн байна.

Мөн Washington Post-ын сэтгүүлч Жофри Фовлер Метагийн Community Notes-д өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 65 note санал болгосон ч гурван note л нийтлэгдсэн гэжээ. Харин Мета компани түүний энэхүү мэдээлэлд хариу болгон шинэ хөтөлбөр нь “туршилтын шатандаа” байгааг сануулсан байна. Одоогоор Мета компаниас Community Notes-т хэдэн хэрэглэгч нэгдсэн, ямар нөлөө үзүүлж байгаа зэрэг талаар судалгаа, мэдээлэл танилцуулаагүй байна.

Олон улсын баримт шалгах сүлжээний захирал Энжи Холан дээр дурдсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор community notes загварт мэргэжлийн баримт шалгагч нар хамтран ажиллах боломжтой хувилбарыг хүсэж байгаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын нийтлэлдээ илэрхийлсэн ба платформууд баримт шалгагч нартай хамтарч ажиллахаас татгалзаж байгаа нь улс төрийн дарамт, хандлагаас шалтгаалж байгааг анхааруулсан юм.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document