2023 оны 02 дугаар сарын 14-ний 11:06 цагт “Цахилгаан цэнэг” нэртэй пэйжид “Ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоног байсныг 20 хоног болгож нэмлээ” гэсэн зурагтай пост оруулжээ.
Уг мэдээлэлд “Ээлжийн амралтын мөнгийн ингэж тооцдог” гэх гарчиг дор 9 асуулт ба хариултыг оруулжээ. Энэ нь 2016 оны 4 сарын 15-нд arslan.mn сайтад оруулж байсан “Ээлжийн амралтыг тооцож олгох тухай” гарчигтай мэдээллийг хуулан тавьсан байна. Эдгээр асуултын дунд “Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ? -Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг” гэсэн үнэн зөв мэдээлэл орсон байгаа ч ашигласан зурагт “Ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоног байсныг 20 хоног болгож нэмлээ” гэсэн худал мэдээлэл агуулсан байна.
Тус пост нь 02 дугаар сарын 28-ны байдлаар нийт 255 реакц, 43 сэтгэгдэл авч, 4,900 удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Зурагт буй мэдээлэл худал байна
2021 оны 07 дугаар сарын 2-ны өдөр баталсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 99 дүгээр зүйлийн 99.3 дахь зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна” гэж заасан байна.
Харин энэ хуулийн 99.4 дахь зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна” гэж заажээ.
Хуучин мөрдөж байсан хуулийн агуулгыг оруулжээ
Шалгаж буй постод дээр дурдсанчлан 2016 оны мэдээллийг хуулж тавьсан байна. Тиймээс “Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговорыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно” гээд, “…нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг” гэх жишээ татсан.
Тэгвэл 2021 оны 07 сарын 02 -ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 99.2 дахь зүйлд “Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ” гэж өөрчилсөн байгаа.
Энэ мэтчилэн хуучирсан мэдээллийг хуулж, худал агуулгатай зураг ашиглан олон хандалт авч байгаа тул бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж үзлээ.