Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх мэдэгдэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй” гэх гарчигтай мэдээлэл гарсан юм.

Баримт шалгалтын үр дүн

Энэ мэдээллийн баримтыг шалгаж, ДЭМБ болон ЭМЯ-ны журамд ингэж тусгаагүйг нотоллоо.

5-р сарын 15-ны 11:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах нас баралт гарсан тохиолдолд цогцсыг хэрхэн халдваргүйжүүлэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Яг энэ асуудлаар, эрүүл мэндийн сайдын 153 дугаар тушаал гарсан байгаа. Тухайлбал, нас баралт гарсан үед цогцсыг хэрхэн халдваргүйтгэх вэ, яаж тээвэрлэх вэ, яаж чандарлах вэ гэсэн чиглэлийн зөвлөмжүүд гарсан байгаа” гэжээ.

Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын 153 дугаар тушаал, түүний хавсралтаар баталсан “Коронавируст халдвар (COVID-19)-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр заавар” нэртэй журмын агуулгад хяналт хийлээ. Тус журам, тушаал нь 2020 оны 3-р сарын 4-ний өдөр батлагдсан байна. Журмын агуулгад коронавирусийн халдварт тохиолдол батлагдсан үед авах арга хэмжээг дэлгэрэнгүй зааварчлан оруулсан байх бөгөөд үүнд гэр бүлийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх агуулга байхгүй байна. Харин тус тушаалын хавсралтаар батлагдсан журмын (журмын холбоосыг доор хавсаргав)

5.1-д “Дээр үйл ажиллагаанд оролцох хүн бүр нүд, нүүрний хамгаалалт, гутал, урт ханцуйтай, шингэн нэвтэрдэггүй халад, комбинзон, усны хамгаалалттай хормогч, агаарын дуслыг 95% буюу түүнээс дээш шүүх үзүүлэлттэй шүүлтүүр бүхий нэг удаагийн амны хаалт, ахуйн бээлий өмсөнө” гэжээ.

Дээрх заалтаас харахад, ар гэрийнхэн салах ёс гүйцэтгэх ажиллагаанд эрүүл ахуйн тодорхой шаардлагуудыг хангасны үндсэн дээр оролцож болно гэж ойлгогдож байна. Мөн ижил агуулгатай мэдээлэл нийтэлсэн gereg.mn сайтад Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан 163 дугаар журмыг эх сурвалж болгон дурдсан байна. Баримт шалгагчдын ёс зүйн дагуу бид энэ журмыг мөн нягтлахад, 2020 оны 3-р сарын 11-ний өдөр батлагдсан “Тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэлтээр олгох, эрх сэргээх, түдгэлзүүлэх тухай” тушаал байна. Gereg.mn сайтын хувьд сэтгүүлч мэдээг бичих явцдаа хайхрамжгүй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Бид энэ мэдээллийг давхар нягтлах үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ижил агуулгатай журмыг (журмын холбоосыг доор хавсаргав) мөн шалгаж үзлээ…

2020 оны 3-р сарын 24-ний өдөр “Infection Prevention and Control for the safe management of a dead body in the context of COVID-19” буюу “КОВИД-19-ийн үед цогцсыг тээвэрлэх, устгах, салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд хяналт тавьж, халдвараас урьдчилан сэргийлэх” нэртэй журмыг тус байгууллага баталсан байна. Энэ журмын Оршуулга гэсэн хэсэгт зааснаар, “Нас барсан хүний гэр бүлийнхэн нь цогцост хүрэхгүйгээр, зөвхөн харах хүсэлтэй бол шаардлагатай бүх эрүүл ахуйн зохицуулалтыг хэрэгжүүлсний дараа үүнийг зөвшөөрнө. Ингэхдээ цогцост ямар ч тохиолдолд хүрч, эсвэл үнсэж болохгүй тухай дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө” гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын журам, заавар

Иймээс Коронавирусээр нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй гэх мэдээлэл НЯЦААГДАЖ байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document