“Ковид-19-өөс болж эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлийнхэн үүд хаалгаа барьснаас болж ажилгүй иргэд олон болж, ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрч байна. Ажилгүй болсон иргэд ар гэрээ тэжээж, үр хүүхдээ хооллож чадахгүй байдалд хүрлээ” гэх эхлэл бүхий нэг ижил үг, найруулгатай мэдээ дотоодын Asu.mn, Check.mn, Ubinfo.mn, Control.mn, Agshin.mn, Khentii.mn, Seruuleg.mn сайтуудад 4-р сарын 24-ний өдөр нийтлэгдэж, олон нийтийн цахим сүлжээнд халдварлан тархсан байна. Уг мэдээнд “…Шүүх шинжилгээний байгууллагын хийсэн шинжилгээгээр хүүхэд хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн байжээ…” гэсэн байна. Гэвч нас баралтын шалтгаан нь өлсгөлөн болохыг батлах баримт дурдаагүй байсан юм. Цаашлаад мэдээнд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хамтран хэрэгжүүлж буй “Хүнстэй богц” аяны тухай мэдээлсэн байх бөгөөд иргэдийг бүх төрлийн хоол хүнсний зүйл, хувцас зэргийг хандивлаж, туслахыг уриалан, зохион байгуулагчдын утасны дугаарыг хавсаргасан байв. Бид юуны түрүүнд тус аяны зохион байгуулагчтай холбогдоход, “Бид Хүнстэй богц” аяныг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Эмзэг бүлгийн айл өрхөд түлш түлээ, гурил будаа зэргийг хандивладаг. Гэвч олон нийтэд мэдээлдэггүй байсан. Энэ жил нийтэд хэлсэн биш юу болоод байгаагаа ч ойлгохоо байлаа” гэлээ. .
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар нар тус мэдээллийг няцааж албан ёсны тайлбар өгсөн юм.
Энэ мэдээлэл цацагдсанаас хойш 4-р сарын 25-нд Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар нар тус мэдээллийг няцааж албан ёсны тайлбар өгсөн юм. Тэд “Өлсөж нас барсан гэсэн мэдээлэл нь #ХУДАЛ_Мэдээлэл. Өвчний улмаас нас барсан хүүхдийн талаар ийм ташаа мэдээлэл гарсанд ар гэрийн зүгээс маш их гомдолтой байна. Тус залуу гэр бүл нь хоёулаа ажилтай, хүүхдүүдээ асран тэжээх бүрэн боломжтой, өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдардаг, өөрийн гэсэн гэртэй, төрийн зүгээс хүртэх халамжийн тэтгэмжинд хамрагддаг, цалинтай ээж тэтгэмжид хамрагдаж байгаад ажилтай болж, Нийгмийн даатгал төлдөг болсон тул зогсоогдсон” зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна.
Нас барсан хүүхэд нь 11 сартай байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 19-р хороонд оршин суудаг болох нь энэ мэдээллээр тодорхой болсон юм. Бид Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллийг мөн тодруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтантай холбогдлоо. Тэрээр “Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч оношоо өгсөн. Уг онош нь хүүхэд өлсөж үхээгүй, ХОДООДНЫ ҮЖИЛ оноштой байсан” гэв.
Google дэх хайлтын илэрцээр бага насны хүүхэд өлбөрч үхсэн тухай мэдээг дотоодын 7 вебсайт, 5 хувь хүн Facebook хуудсандаа мэдээлсэн байв.
Биднийг баримт шалгах үед google дэх хайлтын илэрцээр бага насны хүүхэд өлбөрч үхсэн тухай мэдээг дотоодын 7 вебсайт, 5 хувь хүн Facebook хуудсандаа мэдээлсэн байв. Хэрэглэгчдийн хуваалцсан мэдээг дунджаар 2, 3 удаа дахин хуваалцсан байсан бол Иргэн М.Зундуйдаваа гэх Facebook хэрэглэгчийн хуваалцсан мэдээллийг 1000 гаруй удаа дахин хуваалцсан нь тус ХУДАЛ мэдээлэл вирус шиг тархсаныг илэрхийлж байна. Харин 4-р сарын 25-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий Газар болон Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч нарын мэдээллийг зөвхөн zaluucom.mn, news.mn болон agshin.mn сайтууд л мэдээлжээ.