2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Coinhub нэртэй пэйжээс цахим хэрэглэгчдийн зургийг ашиглан шэйр хийхдээ “Coinhub урамшууллын хөтөлбөр. Coinhub нь Coinhub програмын үнэнч хэрэглэгчдэд тусгай шагнал гардуулдаг. Энэхүү шагналын хөтөлбөрийг Coinhub програмын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Баяр хүргэе! Та 3000 BUSD, 500,000 CHB-ийн шагналын сан авахаар сонгогдлоо. Шагналыг хэрхэн авах талаар: Бидний өгсөн линкээр Coinhub данс руугаа нэвтэрч, шагналыг авах боломжтой. Шагналыг зөвхөн таны дансыг ашиглан авах боломжтой. Шагналаа эндээс авна уу” гэх тайлбар нэмж, coinhubweb.site гэх домайныг хавсаргасан мэдээлэл түгээсээр байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хаяг, агуулгыг нягтлах
Пэйжрүү орох даруйд 1 лайк, 0 дагагчтай байгааг харах боломжтой. Мөн танилцуулга хэсэгтээ “Олон улсын арилжааны хөтөч” гэсэн ч холбогдох цахим шуудан, утасны дугаар, байршил зэрэг мэдээллийг харуулаагүй. Page transparency буюу пэйжийн үндсэн мэдээлэлд 01 дүгээр сарын 20-нд үүсгэсэн гэсэн ба тухайн өдрөө анхны пост оруулсан байна. Агуулгын хувьд зөвхөн “Азтан болжээ” гэх постуудыг, coinhubweb.site сайтыг дурдаж нийтэлсээр иржээ.
Дээр дурдсанаас пэйжийн найдвартай, итгэж болохуйц байдал хангалтгүй байгааг харж болно. Учир нь:
-Бодит байгууллага болон үйлчилгээ эрхлэгчид албан ёсны пэйж дээрээ танилцуулга, холбогдох мэдээллийг бүрэн харуулж, эргэн холбоо барих хаягуудаа оруулж өгдөг.
-Энэ төрлийн бэлэг, урамшууллыг хэрэглэгчдэдээ олгох бол платформын дотоод мэдэгдлийг ашигладаг.
-Аливаа байгууллага албан хаяг хөтлөхдөө маркетингийн төлөвлөгөөний дагуу олон төрлийн танилцуулга, мэдээлэл, сурталчилгаа зэргийг нийтэлдэг.
ЖИНХЭНЭ БОЛОН ХУУРАМЧ ХАЯГИЙН ХАРЬЦУУЛАЛТ:
Facebook хайлтын системд Coinhub гэж хайхад хамгийн эхэнд гарч ирэх пэйж болон шалгаж буй пэйжийг ерөнхий мэдээллээ хэрхэн харуулснаар нь харьцууллаа.
2. Дурдсан вэбсайт нь хуурамч
Шалгаж буй мэдээлэлд дурдсан coinhubweb.site домайн холбоос дээр дарахад coinhub.mn сайттай ижил угтах хуудас гарч ирж байна. Хэдийгээр 2 сайтын нүүр хэсэг хоорондоо ижилхэн мэт харагдах ч домайн нэрээс ялгааг харах боломжтой.
Аливаа байгууллагын албан ёсны домайн тухайн байгууллагын үндсэн нэрийг зөв оруулж, “.mn”, “.com”, “.org” зэрэг баталгаажсан өргөтгөл ашигладаг. Гэтэл шалгаж буй мэдээллийн домайныг ажиглавал coinhubweb.site гэсэн нь Coinhub хөтөчийн нэрийг ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилготой байгааг харж болно.
Сайтын эзэмшлийн мэдээллийг тусгай хэрэглүүрээр шалгаж үзэхэд coinhubweb.site сайтын бүртгэлийг дараах байдлаар харууллаа.
Уг сайтыг үүсгэсэн өдөр нь 2023 оны 01 дүгээр сарын 22 гэсэн ба бүртгэсэн улсыг АНУ гэсэн байна. Мөн бүртгүүлэгчийн утасны дугаар, и-мэйл хаяг, серверийн мэдээлэл, IP хаяг зэрэг мэдээлэл бүрэн бус байна.
Та дуураймал вэбсайтад өөрийн утасны дугаар, нууц үг зэрэг хувийн мэдээллийг оруулбал таны санхүүгийн мэдээллийг тухайн сайтын админ хуулбарлаж, жинхэнэ пламформ дахь таны хаягт нэвтрэх боломжтой. Иймд та бүхэн өөрсдийн санхүүгийн мэдээллээ хамгаалж, бэлэг, урамшуулал өгөх, азтан болсон зэрэг мэдээллүүдэд болгоомжтой хандаарай.
Coinhub арилжааны хөтөч худал мэдээллийн талаар сэрэмжлүүлж өөрсдийн Facebook хуудсанд дараах сэрэмжлүүлгийг байршуулжээ.