2023 оны 01 дүгээр сарын 13-нд Suldnews.mn нэртэй пэйжид төмөр замын буудал дээр зогсож буй эрийн цахилгаанд цохиулж буй бичлэгийг “Анхаар! Үр хүүхдүүд дээ үзүүлээрэй, яасан аймаар юм бэ. Bluetooth чихэвчийг төмөр замын буудлууд,өндөр хүчдэлтэй цахилгаан байгууламж,кабелийн ойролцоо ашиглахаас зайлсхий! Кабелийн цахилгаан гүйдэл тархинд шууд цохиулж, хурдан үхэлд хүргэдэг” гэх тайлбартайгаар оруулсан нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны байдлаар 176 реакц, 37 сэтгэгдэл авч, 1 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бичлэгт гарч буй эрийн толгой дээр цахилгааны кабел унаснаас цахилгаан хүчдэлд цохиулжээ.
IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Newschecker.in баримт шалгах төв уг бичлэгт баримт шалгалт хийж тайланг 2022 оны 12 дугаар сарын 22-нд вэбсайтдаа байршуулсан байна. Баримт шалгалтын тайланд:
“Бичлэгийн дүрсийг ашиглан зургаар хайлт хийхэд цахим сүлжээнд анх байршуулсан эх сурвалж нь Энэтхэгийн Чэннай Төмөр замын сүлжээний Төмөр зам хариуцсан тасгийн туслах эрхлэгч Ананд Рупанагуди гэх twitter хэрэглэгч байна. Түүний жиргээнд уг үйл явдлыг Харагпур төмөр замын өртөөнд болсон ба тасалбар түгээгч ажилтны дээгүүр нисэж байсан шувуунд орооцолдсон утас өндөр хүчдэлийн кабелтай хүрэлцэж үзүүр нь ажилтны толгойд хүрснээр цахилгаан хүчдэлд цохиулсныг дурджээ. Тогонд цохиулсан эрийн хуйх түлэгдсэнээс бусдаар ноцтой хохироогүй гэсэн байна.
India Today агентлаг дээрх үйл явдлын тухай мэдээлжээ. Бичлэгт гарч буй эрийг Сужан Синх гэдэг ба ослын дараа төмөр замын эмнэлэгт хүргэгдсэн байна. Нисэж буй шувууд кабел шүүрэх тохиолдол нийтлэг ба энэ тохиолдлын хувьд кабел нь цэнэгтэй байж таарсан нь осол гарахад хүргэжээ.
Facebook сүлжээнд ч ослын талаар нийтлэлүүд байна. Сужан Синх одоо эсэн мэнд ба эмнэлэгт хэвтэж байх үеэр нь орон нутгийн Зүүний намын дарга Анил Дас өвчтөний биеийн байдалтай танилцаж, эргэлт хийж байх үеийн зургуудыг хавсаргажээ. Бид зураг болон нийтлэлийг оруулсан хэрэглэгчидтэй холбогдож тодруулахад “Бид Сужан Синхтэй өөрсдийн биеэр очиж танилцсан цахилгаанд цохиулснаас болж толгойндоо түлэгдсэн ба уналтаас болж ташаагаа гэмтээснээс бусдаар түүний биеийн байдал сайн байна” гэх хариултыг өглөө ” гэсэн байна.
Bluetooth нь радио долгионы технологи бөгөөд цахилгааныг өөртөө татах эсвэл үүсгэх чадваргүй.
Bluetooth нь цахилгаан, эрчим хүчийг өөртөө татах боломжтой эсэх талаар Researchgate эрдэм шинжилгээний платформ дээрх асуултад Киприйн Фредерикийн их сургуулийн профессор Салман Араин дараах хариултыг өгжчээ.
“Bluetooth дохио нь цахилгааныг өөртөө татах эсвэл үүсгэх чадваргүй. Учир нь уг технологи нь цахилгаан соронзон цацрагийн үйлчлэлээр агаарт дамждаг радио долгионд суурилсан тул цахилгаан цэнэг болон хүчдэлээс тусдаа ойлголт. Тийм ч учраас радио долгион нь өөртөө аянга, цахилгаан татах эсвэл цахилгаантай холбоотой янз бүрийн үйлчлэл үүсгэхгүй”
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.